“The Diplomat”: Монголын 5000 орчим чингэлэг Тяньжин, Далянь, Эрээн боомтод гацаад байна

214
 

“The Diplomat”: Монголын 5000 орчим чингэлэг Тяньжин, Далянь, Эрээн боомтод гацаад байна

 

“The Diplomat”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Хятад бол Монголын хамгийн том худалдааны түншийн нэг, бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч орон юм. Түүнчлэн БНХАУ далайд гарцгүй Монголын транзит гол төв бөгөөд Оросоос бусад оронтой худалдаа хийх боломж олгодог гол бүс юм. Гэсэн хэдий ч далайн тээврийн түгжрэлийн улмаас Тяньжин, Далянь боомт, Хятад-Монголын хил дээрх Эрээнхот дахь тээвэрлэлтийн гацааны улмаас Монгол руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад хүрээд байгаа бөгөөд хоёр тал энэхүү гэнэтийн бэрхшээлийг даван туулах арга зам эрэлхийлсээр байна. 2021 оны дөрөвдүгээр сараас хойш Өмнөд Хятадын тэнгист олон мянган ачааны чингэлэгийн түгжрэл үүсэж, дэлхийн зах зээлд дэх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдахад хүрсэн юм. Үүний улмаас Тяньжин, Далянь, Эрээнхот тэргүүтэй томоохон боомтуудад Монголыг чиглэсэн тээвэрлэлт тасалдсан. Дөрөвдүгээр сараас хойш Монголын 5000 орчим чингэлэг эдгээр томоохон боомт дээр гацсан хэвээр байна.

 

Дээр дурдсан гурван боомтоор дамжуулан Монгол Улс Турк, Өмнөд Солонгос, Япон, АНУ зэрэг гуравдагч хөрш орноос бараа бүтээгдэхүүн импортлодог. Өнгөрсөн есдүгээр сарын 16-нд Тажикстаны нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 20 жилийн ойн дээд хэмжээний уулзалтад Монголын төлөөлөгчид оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд хэмжээний уулзалтад онлайнаар оролцсон. Харин Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, Хятад, Монголын худалдааны богино хугацааны төлөвлөгөө, тэр дундаа Тяньжин боомтод үүсэн ачаа тээврийн түгжрэл, түүнтэй холбоотой асуудлаар санал солилцсон.
Цар тахалтай холбоотойгоор Монгол Улс хөрш орнууд болох Орос, Хятадтай хилээ дөрвөн сарын турш хаасан. Энэ нь Монголын эдийн засагт нэлээд хүндрэл учруулсан. Харин Амарсайхан БНХАУ нь Монгол Улсын стратегийн түншийн хувьд КОВИД-19-ийн эсрэг тэмцэхэд тусалж байгааг онцлоод, вакцин хандивласан явдалд Бээжинд талархал илэрхийлжээ. Харин хариуд нь Ван вакцины санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар КОВИД-19-тэй тэмцэхэд Монголд үргэлжлүүлэн туслах болно хэмээгээд “Монгол Улс руу чиглэсэн Тяньжин боомт дахь бараа тээвэрлэлтийг хурдасгахад Хятадын Засгийн газар анхаарал хандуулах болно” гэжээ. Одоогоор Тяньжин хотод Монголын 5000 орчим чингэлэг түгжрээд байгаа бөгөөд өдөрт 50 орчим ам.доллар түрээсийн хураамж төлдөг байна. Ачуулсан бараа, бүтээгдэхүүн дунджаар 10 хоногийн дотор ирдэг байсан бол одоо 40-50 хоног болж байна. Хэдийгээр Монгол руу чиглэсэн тээвэрлэлтийн чингэлгүүд хөдөлж байгаа ч эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх хэмжээнд хүрэхгүй байгаа аж. Ачаа, чингэлэг, түрээс, агуулахын үнэ нэмэгдэж байгаа нь импортод суурилсан жижиг бизнесүүдэд хүндээр тусаж эхлээд байна.

 

Тээвэрлэлтийн түгжрэлийн хямрал хэзээ нэгэн цагт шийдэгдэх боловч Монгол, Хятад хоёрын шийдвэрлэх ёстой ложистикийн бас нэг чухал асуудал бий. Тодруулбал, Хятадын Засгийн газрын хяналтад байдаг тээвэр, ложистикийн томоохон компани болох “COSCO” нь Хятад даяар галт тэргээр хүргэх далайн бүх ачааг хянадаг бөгөөд Монголд хүрэх ачаа тээвэр ч мөн багтдаг. 2021 оны долоодугаар сард болсон Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын цахим зөвлөгөөний үеэр “Монголд бизнесийнхээ ашиг сонирхлыг төлөөлөх тусгай төлөөлөгчийг” томилох “COSCO”-гийн шийдвэрээс үүдэлтэй сорилтууд өсөн нэмэгдсээр байгааг Монголын тал цохон тэмдэглэсэн байна. Энэ нь Монголын ачаа барааны чингэлгүүдэд бас нэгэн саад тотгорыг бий болгожээ. Тусгай төлөөлөгчийг томилох шийдвэр гарахаас өмнө дотоодын тээвэр зуучлагчид “COSCO”-гоос чингэлгүүдийг шууд хүлээн авдаг байсан бол одоо тусгай төлөөлөгчөөр дамжих шаардлагатай болж байна. Үүнээс шалтгаалан хүргэлт, бүрдүүлэлтийн хугацаа нэмэгдэхээс гадна өөр бусад зардлууд нэмэгдэж буйг Монголын үйлдвэрлэгчид, ард иргэд мэдэрч эхлээд байна.

 

Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын тээвэр зуучлагчдын холбооны хамтарсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 20 хувь нь тээвэрлэлт хуваариасаа 10 хувиар хоцорч буйг мэдээлжээ. Мөн 13 хувь нь 50-75 хувиар хоцорч байна гэсэн хариулт өгснийг цахим зөвлөгөөний үеэр онцлон тэмдэглэсэн байна. Гэвч энэхүү судалгааг зургаадугаар сарын сүүлээр хийсэн учраас ачаа барааны бөөгнөрөл нэмэгдсэнтэй зэрэгцэн өссөн нь гарцаагүй юм. Монгол далайд гарцгүй бөгөөд дэлхийн улс орнуудтай харилцахдаа дамжин өнгөрөх түнш болох Хятад, Оросыг түшиглэхээс өөр аргагүй. КОВИД-19-ийн улмаас Хятад, Монголын худалдаа тасалдаж байгаа ч, боомтын түгжрэлийг үл харгалзан Бээжин Улаанбаатарын экспортын тэргүүлэх чиглэл хэвээр байна. Монголын Гаалийн байгууллагаас 2021 оны есдүгээр сард гаргасан тайланд дурдсанаар, энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс бараа бүтээгдэхүүнийхээ 88.2 хувийг БНХАУ руу экспортолсон байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>