Монгол хүн та хэнийг дэмжиж байна вэ?

304

Монгол хүн та хэнийг дэмжиж байна вэ?

 

Оросын арми Украин улсыг түрэмгийлэн довтолсноос хойш 18 дахь өдрөө дайн үргэлжилж байна. Оросын нисэгч нар Украины эмнэлгийг бөмбөгдөв. Энгийн иргэд болон бяцхан хүүхэд нас баржээ. Энэ гэмт хэргийг Оросын Гадаад Явдлын сайд Лавров:" Тэр эмнэлэг дотор Украины цэрэг байсан" хэмээн ярьж, дараа нь Оросын арми Украин руу халдаагүй хэмээн хээв нэг худал хэлэх аж.  Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко Путинтай уулзаж ярьж байгаа нь ТВ-ээр гарч байлаа. Лукашенко Путинд хандаж:  "Путин та түрүүлж Украин руу дайрсан нь оножээ. Хэрэв Оросын цэрэг дайраагүй бол Украины арми Беларусь руу довтлох байсан юм" хэмээн хээв нэг худал ярих аж.
 
Төрийн тэргүүнүүд дайнаа зөвтгөж улаан цайм худал ярих нь юутай гутамшиг.
 
Технологи хөгжсөн орчин үед хэн ч үнэнийг нууж худал ярихын аргагүй болжээ. CNN, Deutshe Welle,  BBC -ийг цаг тутам үзэхэд тэнд Оросын арми Украиныг хэрхэн бөмбөгдөж буудаж байгаа нь хажууд байгаа юм шиг харагдаж байна. Оросын ТВ-ээр генерал Игорь Канонекогийн худал мэдээллийг харахаас ой гутах юм.  Хамар нь улайж, нүд нь хонхойчихоод л худал ярих.  
Крымийн орос нисгэгч ээжийнхээ амьдардаг Украины нутгийг бөмбөгджээ. Тэр нисгэгчийн эх нь:  "Би ийм түрэмгийлэгч төрүүлсэндээ ичиж байна" хэмээн уучлал гуйсан байх юм.
 
Оросын Думын дарга Украин авгай Матвиенкогийн төрөлх хотыг Оросын армийн их буу, танкаар буудаж газартай тэгшилж байхад 72 настай Матвиенко авгай: "Манай Оросын тусгай ажиллагааг Украинд дуустал нь явуулах хэрэгтэй" гэх.
 
Хойд хөршийн Буриад улсын парламент хуралдаж "Оросын цэргийн тусгай ажиллагааг дэмжиж байна" хэмээн 100 хувь дэмжсэн тогтоол гаргаж байх юм. Тэр олон депутат нарын дунд ядаж ганц буриад депутат дайныг эсэргүүцэж үгээ хэлэх зүрхгүй байх аж.
Дайн хийсэн Оросын удирдагч болон түүний ард түмэн дэлхийн өмнө нүүрээ хийх газаргүй болж байна. Магадгүй Оросын 3 сая хүнтэй арми, цөмийн зэвсэгтэй, тэнгэрийг бүрхсэн онгоцтой, газрыг бүрхсэн танктай оросын түрэмгийлэгч нар Украины нийслэл Киевийг эзэлж болох юм. Гэвч эх орноо хамгаалсан украйн хүний зүрх сэтгэлийг тэд хэзээ ч эзэлж чадахгүй.
Хүн төрөлхтөн дэлхий даяараа Украины талд байна. Монгол хүн Та хэнийг дэмжиж байна вэ?
 
  Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР    
 
сонин mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>