БНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ

319

БНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ

 

СӨҮЛ. /Yonhap/.
 БНАСАУ Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын цэргийнхэн мэдээлснийг "Yonhap” агентлаг уламжилжээ. Цэргийнхний мэдээлснээр, пуужингуудыг Пёньян хотын ойролцоох Сунан дүүргээс харвасан байна.
 
БНАСАУ-ын харвасан гурван пуужингийн хоёр нь Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж "NHK” суваг Батлан хамгаалах яамны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Гурав дахь пуужин унасан газрын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Японы Батлан ​​хамгаалах яам Умард Солонгосын туршилтуудын талаарх мэдээллийг цуглуулж байгаа аж.
 
Мягмар гарагт АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, БНАСАУ удахгүй баллистик пуужин эсвэл цөмийн зэвсгийн туршилт явуулж магадгүй гэж Вашингтон үзсэн хэвээр байна хэмээн мэдэгдэж байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены БНСУ, Японд хийсэн айлчлалаас нэг хоногийн дараа БНАСАУ пуужин харваж байна. Ж.Байдены энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн пуужин харвасан байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Он гарснаас хойш БНАСАУ тив алгасагч баллистик пуужин, шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужин зэрэг арав гаруй пуужингийн туршилт явуулжээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>