Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 15.1 хувиар нэмэгдлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 15.1, өмнөх оны эцсийнхээс 7.9, өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгдлээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байв. Инфляц энэ оны тавдугаар сард 15.1 нэгж хувь гарсны 56.3 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 20.8, өмнөх сарынхаас 0.4 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.