Амь насыг чинь авч одох хуурамч сархад отож байна

2656
Амь насыг чинь авч одох хуурамч сархад отож байнаЦагаан сарын баяр дөхөхөөр үүнтэй зэрэгцэн хөндөгддөг бараан сэдэв бол яах аргагүй хуурамч сархад. Сүүлийн жилүүдэд монголчууд баярын үеэр сархадыг хавтгайруулан хэрэглэх нь цөөрч, бас ч гэж соёлтой хэрэглэдэг болсон. Гэсэн ч хуурамч сархадын аюул байсаар байна. Тухайлбал "Спирт бал бурам” компаний "Сархад” нэртэй архийг хуурамчаар үйлдвэрлэсэн нь бичлэгтэй, баримттайгаа ил болсон. Уг архийг хэн, хэзээ хуурамчаар үйлдвэрлэсэн нь одоо хүртэл тодорхой болоогүй байна. Өмнө нь "Азийн чоно” компанийн хуурамч архинаас болж арван таван хүн хорвоог орхисон харамсалтай хэрэг гарч байсан. Хуурамч архинаас улбаалсан энэ хар мөртэй хэрэг өнөөдөр мартагдаагүй. Гэтэл дэлгүүрийн лангуун дээр чанар муутай, баталгаагүй архи зарагдсан хэвээр байгаа нь айдас дагуулж байна.


"Спирт бал бурам” бол техник технологийн шинэчлэл хийдэггүй, сав баглаа боодол нь баталгаагүй гэх яриа гарсаар байдаг билээ. Нэг хэсэг монголчууд "Спирт бал бурам”-ын Хар Чингис, Хараа архиудыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна хэмээн худалдаж авах нь их байсан. Гэсэн ч үнэн хэрэгтээ "Спирт бал бурам” үндэсний үйлдвэрлэгч байхаа болиод удаж байна. Тус компани нь орос, малайз удирдлагатай "Mongolian Beverage Group”-ийн далбаан дор охин компани нь болоод удаж байна.

 

Гэсэн ч "Спирт бал бурам” гадны том компаний нэг хэсэг болсон ч үйлдвэрийн техник технологио шинэчилсэнгүй, чанарын түвшингээ сайжруулсангүй. ШӨХТГ-аас архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд шалгалт хийхэд "Спирт бал бурам” ХХК 18 удаагийн зөрчил гаргаж, алдаа дутагдлаараа толгой цохиж байсан юм. Гэтэл одоо тус компанийн "Сархад”, "Вива” нэртэй архиуд анхаарал татаж эхэллээ. "Сархад”, "Вива” нэртэй архиуд нь яг ижилхэн савлагаатай. Доторхи архи, шошгыг нь солиод л хоёр төрлийн архи үйлдвэрлэчих жишээний. "Нэг дээлтэй” энэ хоёр архины чанарын баталгааны асуудал ч аль хэдийн асуудал дагуулаад эхэлсэн.


"Сархад”, "Вива” архийг ихэнхидээ дундаж амьдралтай иргэд худалдан авдаг бөгөөд захын хорооллын дэлгүүрүүдэд ихэвчлэн зардаг. Тиймээс захын хорооллын иргэд ч худалдан авахдаа төдийлөн чанар, баталгааг нь шалгадаггүй сул талтай. Цагаан сарын баяр дөхсөн энэ өдрүүдэд баярын ширээн дээрх сархадынхаа чанарт анхаараарай. Бидний амь настай холбоотой учир сархад худалдан авахдаа чанартай, баталгаатайг нь сонгож, амь насыг чинь авахаар отож буй хуурамч сархадаас болгоомжлоорой.

 

 http://chuhal.mn/r/44659

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>