АН-ын "авралын бурхан" нь МАНАН "судар” өвөртөлсөн С.Баярцогт болох уу?
“...Манай нам аргалийн сүрэг мөхдөгтэй л ижил болчихоод байна. Хөгширсөн угалзнууд нь залуу угалзуудаа аргалиуддаа ойртуулдаггүй. Айлгаад яваад байдаг. Эцэст нь аргалиуд нь хургалахгүй байсаар тэр сүрэг мөхдөг” гэсэн. Аргалийн сүрэгт яг ийм мөхөл явагддаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ АН-ын өнөөдрийн байдалтай бол яв цав нийцсэн жишээ санагдсан. АН-ын тухайд С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН гэсэн хоёр том хуваагдалтай. Тэд эвлэлдэж нэгдэх гэдэг гол асуудал нь болсон. Гэхдээ хэн дээрээ нэгдэх вэ гэдэг нь жирийн гишүүдэд нь бараг хамаагүй гэхэд болно.
Хамгийн сүүлд хэвлэлүүдэд гарсан мэдээллээр, наадмын дараахны амралтын өдрүүдэд Л.Гүндалайгийн Хөвсгөлд байдаг жуулчны бааз дээр Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “АПУ”-гийн П.Батсайхан, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал асан О.Одбаяр нар бууцгаажээ. Энэ явдлаас хэдхэн сарын өмнө С.Баярцогтын хүүхдийн хурим дээр дээрх бүлэгт багтдаг улстөрчид цуглаад түүнийг АН-ын дарга болгохоор ярьсан гэдэг. Мөн наадмын өмнөхөн Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтын хэргийг цайруулсан. Одоо түүнийг хууль хяналтынхан татаж чангаахаа больсон. С.Баярцогтыг “цэвэрлэж” чадсан.