Х.Бумхишигийн амийг аварсан уулчин С.Ганхүү, Э.Даваадорж нарт баярлалаа

403

Х.Бумхишигийн амийг аварсан уулчин С.Ганхүү, Э.Даваадорж нарт баярлалаа

 

Уулчид уулчныхаа амийг аварлаа. Хаа байсан газрын хол Киргизстан, Тажикистаны нутагт орших Памирын ууланд цаг алдалгүй очиж, хөр цас, мөсөн хавцал гаталж явсаар нэгнийхээ алтан амийг аварч чадлаа. Х.Бумхишиг ус уух хувьтай юм байна. "Цэгц” клубынхэн нэгнийгээ гэсэн сэтгэлтэй юм. Тиймээс Х.Бумхишиг болон Монголын ард түмний өмнөөс баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.
 
        Түүнийг аварсан Монголын уулчдын Үндэсний холбооны Аварга ажиллагаа эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, "Жаргалант” клубийн уулчин Э.Даваадорж нарт ч баярлалаа. Хамгийн гол нь М.Бумхишгийг хөлөө хөлдөөсөн, тусламж хэрэгтэй байгааг мэдээлсэн гаднын уулчдад баярлалаа. Тэд гурван өдөр уулнаас бууж, Монголын Консулын газарт мэдээ дуулгасан юм билээ. Тэгээгүй бол түүнийг хөлөө хөлдөөж, авирах аргагүй болсныг мэдэхгүй өнгөрч, бид нэгэн сайхан зоригт залуухан уулчаа алдах байлаа. 
 
    Хүний нутагт  хөлдүү цасан далайд, 5800 метр өндөрт бэртчихээд хэвтэж байхдаа юу эсийг бодсон бол. Харийн уулчдад үг дайчихаад, хэзээ бууж эх орон руу нь хэл дуулгана гэж бодсон бол. Тэр өөрийг нь халуун сэтгэлт нөхөд нь аварна гэж санаагүй байх. Магад ингээд л дуусах юм байна гэж бодсон ч горидлого тээж, өнөөх л уул өөдөө юунаас ч айлгүй авирсан эр зориг, хатаараа л тэсэж, тэвчиж, хүлээж байсан байх. Залуухан уулчин "Намайг хэн ирж аврах бол. Мөн ч хөл газар болохоор миний араас хүн ирэхгүй байвал яана аа. Тэгвэл эндээ хэвтэж байгаад хөлдөж үхэх байх” гэж бодогдсон нь лавтай. Тийм ээ, тэр ч тэслээ, уулчид ч уулчин хүүгээ аварлаа. Одоо бол уулнаас бууж, айдгаа авдартаа хийсэн. Өөрийнх нь төлөө цохилсон сэтгэл бүхэнд талархаад, улам их эр зоригтой амьдрах үүрэг түүнд оноогдлоо. 
 
       Тэр хүйтнээс хүйтэн ууланд ганцаар авирахдаа, оргилд нь гарах гэж бодож эхэлсэн тэр мөчөөс эхлэн ууланд хөлөө хөлдөөж, цааш явах аргагүй болох хүртлээ оргилд нь гарна, зорьсондоо хүрэх гэж шатаж явсан байх. Бүр бүдрэхдээ ч, хальтраад явах аргагүй болж, уруудаж бууж, буцаж өгсөхдөө ч дээшээ л гарна гэсэн ганц халуун хүсэлтэй явсан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>