Г.Өсөхбаяр гавьяат "Алуурчин" уулыг эзэлнэ

1021

 

Өнгөрсөн долоо хоногт Андын нурууны ноён оргил Аконкагуад амжилттай авирсан гавьяат тамирчин "Эверест” Г.Өсөхбаяр К2 уулыг зорихоор болсон байна. Дэлхийн долоон ноён оргилыг эзлэх зорилгоо биелүүлэхийн төлөө яваа тэрбээр уржигдар баярт мэдээгээ хуваалцахдаа "Энэ бол "Алуурчин” уул руу явах өндрийн бэлтгэл байлаа” гэв. Уулчин Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болно. Өмнө нь 2013 оны долдугаар сард гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм. Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедиц болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлд бууж өгөөд буцсан байдаг. К2 ууланд өвөл авиралт хийсэн тохиолдол маш цөөн. Бараг боломжгүй байдаг аж. Гэхдээ 1988-2012 оны хооронд Полши, Канад, Их Британи, Орос, Узбекистан, Казахстан, Гүрж уулчдын хамтарсан баг гурван удаа авирч, 7200 метр хүртэл олс тавьж байжээ. К2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр cap гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чадсан байна. Тэдний туулсан 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэжээ. Харин К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс бол Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд "Алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш энэ уул 23 жилийн турш оргилдоо дахин хүн хүргээгүй юм. Олон уулчны зориг зүрх мохмоор он жилүүдийн дараа 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн. Тэгвэл энэхүү уулын оргилыг эзэлсэн анхны уулчин нь Чехийн Жозеф Раконкай. Харин оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин бол Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрбээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ.

 

Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид "Алуурчин” уул гэдэг аж. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино. Дэлхийн ноён оргил Эверест /8850м/-ээс 239 метрээр бага ч уулчдын хувьд К2-т авирах нь Эверестэд авирахаас хэд дахин илүү эрсдэлтэй гэж ярьдаг байна. Олон шилдэг уулчныг гэрт нь буцаагаагүй догшин ууланд зарим жилд нэг ч хүн оргилд нь гарч чадаагүй тохиодцол бий. Эверестэд авирсан уулчдын таван хувь нь осолдож, амь насаа алддаг гэсэн жилийн дундаж үзүүлэлт байдаг бол К2 оргилыг зорьсон уулчдын 25 хувьд нь энэ харамсалтай зүйл тохиолддог гэх. Эверестийн оргилыг эзэлсэн уулчдын тоо хэдийнэ 5600 хол давсан. Харин К2-ын оргилд тугаа мандуулсан уулчин ердөө 306. Эверестийн оргилд гарч, жинхэнэ уулчдын эрэмбэд хүрсэн ямар ч уулчин К2-ыг зүүдэлж эхэлдэг "бичигдээгүй хууль”-тай. Энэ уул өндрөөрөө Эверестийн дор бичигдэх ч оргилд хүрэх замын бартаа, саад хамаагүй хүнд ажээ.



Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>