В.Путин Херсон, Запорожье мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв

244

В.Путин Херсон, Запорожье мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа. Баримт бичгийн эх бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн тул хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.  "НҮБ-ын Дүрэмд тусгагдсан ард түмний тэгш эрх, өөрийгөө тодорхойлох зарчмыг хүлээн зөвшөөрч, баталж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон есдүгээр сарын 27-нд болсон бүх нийтийн санал асуулгаар илэрхийлсэн ард түмний хүсэл зоригийг харгалзан үзсэний дагуу шийдвэрийг гаргаж байна" гэж  эх бичигт дурджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш пүрэв гарагт твиттер хуудсандаа бичихдээ, “аливаа нэг улсын нутаг дэвсгэрийг заналхийллийн үр дүнд эсвэл хүч хэрэглэн өөртөө нэгтгэх нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмуудыг зөрчсөн үйлдэл юм" гэсэн байна.
ОХУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлохынхоо өмнө өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Оросын цэргүүдийн үйлдлийг эдгээр улсад цэргийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон учраас гэж тайлбарласан боловч Оросын арми зөвхөн Донбассын нутаг дэвсгэрийг төдийгүй Украины бусад хэсгийг, тэр дундаа Киев, Чернигов, Житомир зэрэг нутгийг эзлэхийг оролдсон.
Одоо Оросын цэргүүд Херсон мужийг үндсэндээ бүхэлд нь, мөн Запорожье, /мужийн төв хэсгийг биш/, Донецк, Луганск мужуудын зарим хэсгийг хянаж байна. Гэхдээ тэд Украины эдгээр бүс нутгийн алийг нь ч бүрэн эзлээгүй байгаа юм.  
Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт Оростой нэгдэх талаар явуулсан “бүх нийтийн санал асуулга”  тав хоног үргэлжилж, есдүгээр сарын 27-нд дууссан юм. Санал асуулгуудын дүнг дэлхийн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй бол олон улсын байгууллагын төлөөлөгчид цэргийн эзлэн түрэмгийллийн нөхцөлд зохион байгуулсан тул хууль ёсны үр дүн гарах боломжгүй гэж мэдэгджээ.
РИА Новости агентлагийн мэдээлж буйгаар, дөрвөн шинэ нутаг дэвсгэр буюу Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол баасан гарагт Кремльд болно. Ёслолд В.Путин болон парламентын гишүүд оролцох аж.
Ёслолын ажиллагаа 15.00 цагт эхэлнэ. Бүх нийтийн санал асуулга явуулсан дөрвөн субьекттэй ОХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, В.Путин чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрийн тэргүүн нартай уулзана гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлснийг тус агентлаг уламжилсан байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>