Иргэд: Түлшний олдоц муу байна
Баасан гарагаас эхлэн нийслэл болон зарим аймагт цаг агаар сэрүүсч цас орж эхэлсэн. Улмаар галлагаа эхэлж, шахмал түлшний эрэлт ихсэв. Энэ сарын 3-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон. Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд "Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж буйг энэ сарын 15 гэхэд 650 болгоно. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Харин НМХГ-ын дарга С.Даваасүрэн "Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 байсан бол энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу чанар маш сайн байгаа” гэсэн юм.
Шахмал түлшний олдоц, нийлүүлэлт ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийг зорилоо. Шар хадны эцсээс Эрдэнэтолгой хүртэл алхахад түгээлтийн таван цэг байсан боловч "түлш дууссан” гэх шалтгаанаар гурав нь хаалттай байсан бол хоёр нь зөвхөн мод зарж байлаа.