Хонконгийн даргын зурагтай 00-ийн цаасыг хураан авчээ

940

ХОНКОНГ. /ВВС/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Жэниний шог зураг бүхий 7600 ариун цэврийн цаас, 20 000 амны цаасыг Хятадын албаны хүмүүс хураан авчээ.

Ариун цэврийн болон амны цаасыг хураан авсныг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан хэрэг гэж энэ долоо хоногт болох үзэсгэлэн худалдааны үеэр эдгээрийг худалдахаар төлөвлөж байсан Хонконгийн Ардчилсан нам үзэж байна.

Эдгээр бүтээгдэхүүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эх газрын Хятадын нэгэн үйлдвэрээс хураан авчээ.

Лян Жэнин нь Хонконгийн оршин суугчдын дунд тийм ч нэр хүндтэй бус бөгөөд сүүлийн жилүүдэд түүний шог зураг бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдах болсон юм.

"Бид ийм ариун цэврийн цаасыг өнгөрсөн онд Цагаан сарын үзэсгэлэн худалдааны үеэр худалдаж байсан. Энэ онд үүнийг дахин худалдахаар төлөвлөж байсан юм” гэж Хонконгийн Ардчилсан нам мэдэгдлээ.

"12 900 долларын үнэ бүхий ариун цэврийн цаас хураагдсан. Яагаад хурааж авах болсноо тайлбарлаагүй” гэж тус намын дэд дарга Лон Киньхэй хэлэв.

Хонконгт өнгөрсөн онд хэдэн арван мянган хүн эсэргүүцлээ илэрхийлэн суулт, жагсаал хийсэн билээ. Тэд ардчилсан сонгууль хийхийг шаардсан юм.

Учир нь 2017 онд болох Хонконгийн засаг захиргааны тэргүүний сонгуульд ардчиллын талыг баримтлагч хүн нэр дэвшихийг хориглосон шийдвэрийг эх газрын Хятад гаргажээ.

Г.Доржханд montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>