Б.Төгөлдөр: Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авна

896

Б.Төгөлдөр: Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авна ЭЕШ-ын бүртгэл  энэ долоо хоногоос эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс Монгол хэл бичгийн шалгалт авч байхаар болсон. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгөлдөрөөс тодрууллаа.

-Монгол хэл бичгийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг ЭЕШ-ын бүртгэлээс тусд нь явуулж байгаа гэсэн үү?

-Энэ жилээс Монгол хэл бичгийн шалгалт босго оноотой болж, шалгалтыг хоёр удаа авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Тодруулбал, монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болно. Дахин шалгалтад 400-аас дээш оноо авсан ч эхний шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орох боломжгүй. ЭЕШ-даа бүртгүүлж төлбөрөө хийсэн ч шалгалтдаа тэнцээгүй буюу ЭЕШ-д орох эрхийн бичгээ аваагүй бол бид ЭЕШ өгөхөөр төлсөн мөнгийг буцаан олгоно.

-Монгол хэл бичгийн бүртгэл тусдаа явагдаж байгаа. Энэ талаар...?

-Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын  бүртгэл Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 9-ний 09:00 цагт эхэлж, ирэх гуравдугаар сарын 09-ний 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас хугацаандаа багтаж бүртгүүлэхийг анхааруулж байна. Харин энэ онд 12 дугаар анги төгсч байгаа шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ.

-Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг яаж авах вэ?

-Энэ онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг БҮТ-ээс зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авна.

-Шалгалтын хуваарь гарсан уу?

-ЭЕШ-ын хуваарь гараагүй байна. Гарсан тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ. Монгол хэл бичгийн шалгалтын хувьд гуравдугаар сарын дундуур эхний шалгалт, дахин шалгалтыг дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор шал­галтын товыг батлуулахаар яаманд хүргүүлсэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.