Боловсролын зээлийн сангийн жагсаалтыг задлахдаа хүний эрхийг ноцтой зөрчлөө
Өнгөрсөн долоо хоногт дуулиан болсон нэг сэдэв бий. Боловсролын зээлийн сангаас төлбөрөө гаргуулж гадаадад сурсан хүмүүсийн мэдээлэл задрав. Эхлээд хэдэн хүний нэр ус, зураг сэлтийг, үр хүүхдийнхтэй нь зарлаж нийтээрээ балбав. Ер нь бол сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан бол хариуцлага ярих ёстой. ЖДҮ шиг өнгөрөөгөөд байж хэрхэвч болохгүй.
Түүнтэй л адил, Боловсролын зээлийн сангийн шаардлагыг хангаагүй улстөрч, бизнесмэн, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын ах дүү, үр хүүхдүүдэд санхүүжилт олгож болохгүй. Хэрвээ хууль бусаар санхүүжилт авсан бол буцааж төлүүлэх нь зүй ёсны хэрэг. Олон нийт ч үүнийг шаардах ёстой.
Бас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ. Уг хуулийн 4.1.11-т "...”хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэж заасан.
Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.3-т "...Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэх мэт хэд хэдэн зүйл, заалтыг зөрчжээ.