“...Явсан орныхоо хэлээр хагас хугас ярьдаг“ болох гэж ямар их мөнгө зардаг юм бэ?!
Тусгай сангуудын зарцуулалт ил болсон нь нийгэмд нэлээд хурц хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Ингэх ч ёстой юм. Ингэснээр бид тусгай сангууд албан тушаалтнуудын "тусгай хэрэгцээ”-г хангаж ирснийг хангалттай мэдэж авав. Мэдээлэл нь ил болсон сангуудаас Боловсролын зээлийн сан хамгийн их яригдлаа.
"Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгосон мэдээллээр Боловсролын зээлийн сангаас 2008-2023 оны хооронд 1605 хүн "зээл” авчээ. Мэдээж, хэрэг эдэн дунд жинхэнэ мэдлэгээрээ, чадвараараа хамрагдсан хүмүүс байгаа нь тодорхой юм. Гэхдээ дийлэнх нь албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд оногджээ. Уг нь энэ сангийн хөрөнгө ийм маягаар тэгш бус зарцуулагддаг талаар үе үе яригддаг л байв.
Жил гаруйн өмнө л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Байнгын хорооны хуралдаан дээр "...Төрийн мөнгөөр гадаадад сурсан залуучууд байдаг. Гэтэл хөдөө орон нутагт хэчнээн сайхан алт шиг шижигнэсэн сайхан хүүхдүүд байна вэ. Тэдэнд боломж байхгүй. Энд хэдэн даргын хүүхдүүд тэр боломжийг нь хуваагаад идчихдэг. Энэ гэмт хэрэг биш юм уу, прокурор оо. Улс оронд асар ихийг бүтээх чадвартай залуучуудын боломжийг энд хувааж аваад идчихдэг дарга нарын хүүхдүүд хагас хугас, хальт мөлт явсан орныхоо хэлээр ярьчихдаг өөр юм байхгүй. Ингээд хохироочихдог. Том утгаараа улс орон хохирчихоод байгаа юм биш үү. Үүнийг цаашдаа ярих ёстой” хэмээн сануулж байсан. Олонх нь "...Нээрэн, тийм л дээ” гээд л өнгөрсөн. Зориулж хэлсэн прокурор нь ч огт тоогоогүй. Нийтийн хөндөгдсөн эрх, алдагдсан боломжийг нэхэмжлэх эрхтэй ганц субьект нь прокурор байдаг. Ц.Цэрэнпунцаг гишүүн ч тэр утгаар нь "...Прокурор оо” гэж байгаад хэлсэн биз ээ.
Ер нь бол энэ санг "...Арай ч дээ” гэмээр л зооглоцгоожээ. Тийм учраас л нийгэм тэгтлээ бухимдаад байгаа хэрэг л дээ. Зээлийн сангийн энэ мэдээлэл хэзээ ч ил болохгүй юм шиг, олон нийт үүнийг нь яагаад ч мэдэхгүй юм шиг л дураараа хүртэцгээсэн байгаа юм.
Боловсролын зээлийн сангийн 15 жилийн зарцуулалтын ил болсон мэдээлэлд дурдагдсан 1605 хүний төлбөрт хэр зэрэг их мөнгийг хаашаа, ямар улс руу өгснийг тооцож үзэв.
-Америк руу 41 орчим сая ам.доллар
-Австрали руу 9.1 орчим сая ам.доллар, 200 мянга орчим австрали доллар
-Англи руу 6.1 сая орчим ам.доллар, 2.1 сая орчим фунт,
-Канад руу 6.5 сая орчим ам.доллар, 45 мянга орчим канад доллар
-Япон руу 1.8 сая гаруй ам.доллар
-Солонгос руу 1.5 сая орчим ам.доллар
-Орос руу 1.3 сая орчим ам.доллар
-Герман руу 940 орчим ам.доллар
-Хятад руу 800 гаруй мянган ам.доллар
-Австри руу 700 орчим мянган ам.доллар
-Швейцарь руу 530 орчим мянган ам.доллар
-Нидерланд руу 500 мянга орчим ам.доллар, 20 мянга орчим евро
-Тайвань руу 410 орчим мянган ам.доллар
-Польш руу 300 мянга орчим евро, 40 мянга орчим ам.доллар,
-Франц руу 340 орчим мянган ам.доллар
-Сингапур руу 210 орчим мянган ам.доллар
-Тайланд руу 200 орчим мянган ам.доллар
-Энэтхэг рүү 170 мянга орчим ам.доллар
-Итали руу 150 мянга орчим ам.доллар
-Шинэ Зеланд руу 130 мянга орчим ам.доллар
-Малайз руу 112 мянга орчим ам.доллар
-Хонгконг руу 106 мянган ам.доллар
-Унгар руу 54 мянган евро, 21 мянга орчим ам.доллар
-Бельги, Люксембургийн Вант улс, Турк, Норвеги, Финланд, Болгар улсууд руу 15-80 мянган ам.долларыг сургалтын төлбөрт "цохсон” байна.
Цаг өөр болсон. Залуу үе боловсролтой, мэдлэгтэй байна. Зээлийн сангаас мөнгө авч яваад халь мөлт сурч ирдэг гэх гадаад хэлийг залуус тэр чигээрээ эзэмшсэн байна. Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт болж өнгөрлөө. Нобелийн шагналтан Константин Новоселов энэ олимпиадын хүндэт зочин болж хүрэлцэн иржээ. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 27-ны бямба гаригт "Ирээдүйн материал” лекцээ англи хэлээр уншлаа. Түүний лекцийг сонсох гэж Соёлын төв өргөөнд цуглагсдын дийлэнх нь залуус байсан. Тэд лекцийн дараа Константин Новоселовоос англиар асууж, хариултаа авч байв. Энэ бол нэг л жишээ юм. Өөрөөр хэлбэл, гадаад хэлний мэдлэг гэдэг хэдийнэ хэрэглээ болчихжээ. Залуус шинжлэх ухаан сонирхож судалж байна. Ийм л залуус Боловсролын зээлийн сангийн гадна үлдээд байгаа хэрэг. Тэгэхээр бухимдахаас, бачуурахаас аргагүй юм.
Нэгэнт ил болсон мэдээллээс "...Хэний хэн яаж яваад зээл хүртчихэв” гэдгийг бүгдээрээ тойрч суугаад шүүж байх шиг байна. Харин "...Боловсролын зээлийн сан өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний мөнгийг гадагш нь шилжүүлсэн бэ” гэдгийг анхаарах хэрэгтэй юм шиг байна. Ямартай ч ил болсон 15 жилийн зарцуулалтын талаарх мэдээлэлд дурдагдсан 1605 хүний төлбөрт хаашаа, ямар улс руу хэдий хэрийн мөнгө өгснийг багцаагаар тооцож үзэв.
Боловсролын зээлийн сангийн мөнгөний дийлэнх нь Америкийн их сургуулиуд руу өгчээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийтдээ 41 орчим сая ам.доллар зарцуулсан байна. Мөн Австрали руу 9.1 орчим сая ам.доллар, 200 мянга орчим австрали доллар, Англи руу 6.1 сая орчим ам.доллар, 2.1 сая орчим фунт, Канад руу 6.5 сая орчим ам.доллар, 45 мянга орчим канад долларыг олгосон байна. Бас Япон руу 1.8 сая гаруй ам.доллар, Солонгос руу 1.5 сая орчим ам.доллар, Орос руу 1.3 сая орчим ам.доллар, Герман руу 940 орчим ам.доллар, Хятад руу 800 гаруй мянган ам.доллар, Австри руу 700 орчим мянган ам.доллар, Швейцарь руу 530 орчим мянган ам.доллар, Нидерланд руу 500 мянга орчим ам.доллар, 20 мянга орчим евро, Тайвань руу 410 орчим мянган ам.доллар, Польш руу 300 мянга орчим евро, 40 мянга орчим ам.доллар, Франц руу 340 орчим мянган ам.долларыг сургалтын төлбөрт өгсөн байна. Түүнчлэн тус сангаас Сингапур руу 210 орчим мянган ам.доллар, Тайланд руу 200 орчим мянган ам.доллар, Энэтхэг рүү 170 мянга орчим ам.доллар, Итали руу 150 мянга орчим ам.доллар, Шинэ Зеланд руу 130 мянга орчим ам.доллар, Малайз руу 112 мянга орчим ам.доллар, Хонгконг руу 106 мянган ам.доллар, Унгар руу 54 мянган евро, 21 мянга орчим ам.долларыг "цохсон” байна. Бельги, Люксембургийн Вант улс, Турк, Норвеги, Финланд, Болгар улсууд руу 15-80 мянган ам.долларыг сургалтын төлбөрийн зээлд олгожээ.
Боловсролын зээлийн сангийн эхний жилүүдэд буюу 2008-2012 оныг хүртэл Америк, Япон, Англи, Орос улсууд руу сурах хүмүүс түлхүү хамрагдаж байжээ. Харин 2013 оноос хойш Австрали, Канад улсад суралцагчид нэмэгдсэн байна. Олон нийтийн хардаад байгаа хоёр "тоо” бий. "...ЖДҮ шиг 32, бас 48 мянган ам.доллараар олгосон байна” гэцгээсэн.
Энэ үнэний ортой байна. Эхэндээ сургууль нь байтугай улс нь өөр байхад 32 мянган ам.доллараар тэгшитгэж олгосон. 2013 оноос 48 мянган ам.доллараар бас олгож эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 32-оор ч, 48-аар ч өгч байжээ. Боловсролын зээлийн сангаас 2008 оноос хойш олгосон нийт зээлийг төгрөгт буулгаад харвал бачуурмаар өндөр дүн гарна шүү. Тиймээс л "...Ийм хэмжээний мөнгийг үрэн таран болсон уу, үнэхээр үр дүнтэй зарцуулсан уу” гэдгийг заавал шалгаж тогтоох шаардлагатай тулсан хэрэг. Угаасаа, энэ санг шалгах олон шалтгаан байгаа юм байна лээ. Хамгийн түрүүнд зээл хүртэгсэд шалгуураа хангасан эсэх нь тодорхой болох ёстой. Араас нь Боловсролын зээлийн сангаас зээлийн зориулалтаар гарсан мөнгө тухайн улсдаа, сургуульдаа очсон уу гэдгийг тогтоох хэрэгтэй.
Тэр ч бүү хэл, энэ зээлд нэр нь гараад байгаа нэлээд олон улсын топ сургуулиудыг "...Төлбөргүй” гэх мэдээллүүд гараад л байна. Энэ бүхнийг шалгах шаардлага бий. Юутай ч эхлээд хэдүүлээ өнгөрсөн 15 жилийн хугацаанд "...Дарга нарын хүүхдүүдийг явсан орныхоо хэлээр хагас хугас ярьдаг болгохын тулд Монгол Улс ямар зардлыг, яаж гаргасан бэ” гэдгийг ил болгож таарах нь.
Энэ бүхний дараа Боловсролын зээлийн сангийн энэ их мөнгө ямар хаанаас, яаж "гарч ирсэн”-ийг ч нийтэд мэдээлэх ёстой юм. Нөгөөтэйгүүр, хууль хяналтын байгууллагаас энэ зээлийн сангийн зарцуулалтыг шалгаад "...Хууль бус явдал гараагүй байна” гэсэн ч заавал бодох шаардлагатай зүйлүүд бий. Хэдхэн хоногийн өмнө дөө, ШӨХТГ-ын дарга болоод удаагүй Н.Мандуул "...Манай байгууллагын жилийн төсөв Боловсролын зээлийн сангаас гардаг нэг хүүхдийн төлбөрөөс ч бага” гэж жиргэсэн байна лээ. Үүнийг сануулсан нь, тус сангаас зээл авах ёсгүй хүнийг санхүүжүүлсэн нэг "хүүхэд”-ийн сургалтын төлбөр зөв зүйлд зарцуулбал ямар их мөнгө вэ гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Тэр мөнгөнийх нь хэмжээг л их үү, бага уу гэдгийг ялгах санаатай сануулж байгаа юм. Ер нь бол нэг хүүхдэд зарцуулдаг мөнгөөр дэлхийн топ сургуулиудаас нэртэй профессорыг уриад залуустаа лекц уншуулах хэрэгтэй. Сурсан сураагүй нь тодорхойгүй ганц хүн гадаадад явж байхаар багшийг нь авчраад бөөнөөрөө сурвал болохгүй гэж үү. Мэдлэгийг хүлээж авах, ойлгох тал дээр манай залууст асуудал алга гэдгийг дээр жишээлсэн. Тэр ч байтугай ганцхан Америкт сурна гэсэн хүмүүсийн зээлд олгосон 40 гаруй сая ам.доллараар л гэхэд Монголдоо дэлхийн аль нэг топ сургуулийн салбарыг ч байгуулж болох байсан юм. Дэргэдэх Казахстанд ч ийм бэлэн жишээ байж л байна. Угтаа, энэ мэтийг хэрэгжүүлж байж л Боловсролын зээлийн сангийн өөрчлөлт, шинэчлэлт, ил тод байдал нь бодит болно.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин