Тээврийн товчоог “Драгон”-оос нүүлгэсэн нь зөв!

675

Тээврийн товчоог “Драгон”-оос нүүлгэсэн нь зөв!

 

Хот баруун, зүүн хоёр талдаа хуучнаар бол тээврийн товчоо, одоогийнхоор авто вокзалтай. Албан ёсоор баруун аймгуудынхыг “Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв”, зүүн аймгуудынхыг “Баянзүрх зорчигч үйлчилгээний төв” гэж нэрлэдэг. Яаж байгаад ч юм, Сонгинохайрханых “Драгон” дээр, Баянзүрхийнх нь “Тэнгэр плаза” дээр байрлаад хэдэн жил болжээ. Тэгвэл эрх бүхий байгууллагаас хэд хоногийн өмнө Сонгинохайрханы авто вокзалыг цааш нь нүүлгэжээ. Гэтэл бөөн хэл ам. Сайдыг нь барьж аваад л нүдээд байна. Зарим мэдээллээс харвал “Номин” компанийн агуулах руу оччихсон юм даг уу даа. Энэ нь хэсэг хүнд таалагдахгүй, элдэв хардлага төрүүлээд байгаа бол тээврийн товчоог улам цаашлуулаад нүүлгэчихэж болно шүү дээ.

Яг үнэндээ энэ шийдвэр нийтийн эрх ашигт нийцсэн байдаг.. Өөрөөр хэлбэл, нийтээрээ толгойгоо өвтгөөд шийдэж чадаахгүй байгаа хотын түгжрэлийн тодорхой хувь нь эдгээр тээврийн товчоодын ачааллаас үүдэлтэй байв. Тэгээд ч Сонгинохайрхан дүүргийнхэн, СӨХ-д “... “Драгон”-оос энэ тээврийн товчоог нүүлгээд өгөөч” гэдэг хүсэлтийг ЦЕГ, ТЦА зэрэг төрийн байгууллагуудад олон жилийн өмнөөс тавьсаар иржээ. Учир нь “Драгон” дээр тээврийн товчоо ажилласнаар Ханын материал, 21 дүгээр хороолол, Баянхошуу, Баруун салаа, Зүүн салаа, Таван шар, Хархорин орчим онцгой их түгжрэлтэй байдаг байсан. Харин тээврийн товчоо нүүснээс хойш түгжрэл багассан байгаа юм. “Драгон”-ых нь даац ч баруун аймгуудын зорчигч тээврийг багтаахад хэцүү болоод байв. Тэр утгаараа энэ маш зөв шийдвэр болсон.

Тэгэхээр цаашид зүүн тээврийн товчоог ч гэсэн “Тэнгэр плаза”-гаас цааш нь нүүлгэх шаардлагатай. Тэнд таван жил болсон байна. Энэ хооронд бас л Амгалан, Офицеруудын ордон гээд түгжрэлийн голомт бий болгосон.

Ер нь бол нэгэнт “...Хийж чадна” гээд албан тушаалыг нь аваад дарга, сайд болсон бол нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж байх хэрэгтэй юм. “...Нийгмийн сүлжээнд нүдлээ” гээд толгойгоо бариад зугтаад байвал урагшлах ажил энэ улсад байхгүй болно. Тэгээд ч шийдвэр буруу бол цаг хугацаа, хууль хоёр хэзээ нэг цагт шүүчихнэ. Хууль хяналтынхан ч гэж байна. Төр нүдтэй, чихтэй. Харж л байгаа, бүгдийг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>