Энэ сард Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалын үеэр 38 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

330

Энэ сард Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалын үеэр 38 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.05/ хуралдаанаар  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгүүдийг явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дээрх төслүүдийн талаар нэгтгэн танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 иргэний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн гэдгийг онцлов.

Түүнчлэн тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн ОБЕГ-ын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, албан хаагчдыг сургалтад хамруулан 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн гэж байлаа.

Төслийн II үе шатны хүрээнд онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангана гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны 10 дугаар сард хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Дээрх төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75.3-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 7.3.20, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11-д туссанаас гадна төсвийн төсөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна гэж байлаа.

Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн судалгаагаар 2050 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 78 хувь нь төвлөрсөн суурин газар амьдарна гэсэн тооцоо гаргасан байдаг. Цаашдаа газар хөдлөлт, галын аюулын эрсдэлүүд нэмэгдэх хандлагатай байгаа тул Онцгой байдлын ерөнхий газрын тусгай техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, нисгэгчдийг бэлтгэх төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын аврах ажиллагааны алба хаагчид тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 120 гаруй иргэн, гал түймрээс 850 гаруй хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласан гэдэг нь төсөл үр дүнтэй байгааг харуулж байгаа тул үүнийг өргөжүүлэх нь чухал гэж байлаа. Мөн цаашид Онцгой байдлын ерөнхий газраар хязгаарлалгүй нийгэмд онц ноцтой гэмт хэрэг эрс өссөнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулж,  агаараас эрэн хайх нисдэг тэргээр хангах шаардлагатай гэсэн санал хэлэв.

Ингээд “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор тус тус санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. 

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>