Цэцэглэн хөгжсөн Цэхээ боомт

166
Энэ оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар Цэхээ боомтоор өнгөрсөн ачааны хэмжээ 14.9 сая тонныг давж, өнгөрсөн 31 жилийн хугацаан дахь шинэ дээд рекордыг тогтоосон байна.

 

    Өвөл эртийн Эзэнээ нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр. Хятад, Монголын хилийг холбосон Цэхээ боомтоор нүүрс ачсан тээврийн машинууд уртаас урт луу мэт дараалал үүсгэн эмх цэгцтэйгээр хяналт шалгалтад орно.

   - Цэхээ боомтыг ажиллуулж эхэлснээс хойших 31 жилийн хугацаанд түр горимтой боомтоосоо улирлын чанартай ажиллах болж, дахин байнгын горимтой боомт болон хөгжсөн юм. Өнөөгийн байдлаар тус боомт нь үндэсний нэгдүгээр зэрэглэлийн байнгын горимтой боомт болж, энэ оны нийт худалдааны хэмжээ 54.75 тэрбум юаньд хүрсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 4.4 сая гаруй хүн тус боомтоор хил нэвтэрсэн гэж Цэхээ боомтын Эдийн засгийг хөгжүүлэх газрын холбогдох албан тушаалтан Алтанбагана танилцууллаа.

   ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзэнээ хошуунд байрлах Цэхээ боомт нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомттой хиллэж, Монгол Улсын Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай зэрэг 5 аймагт ач холбогдол өгч, мал аж ахуйн бүтээгдэхүүн, ашигт малтмалын нөөц баялгийг импортолдог Алшаа аймгийн гадагшаа нээлтэй чухал “цонх” болсон төдийгүй Хятадын “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын чухал зангилаа болжээ. Цэхээ боомт нь Хятадын IV том, Өвөр Монголын III том эх хуурайн боомт бөгөөд Хятад, Монгол хоёр орны маш чухал худалдааны сувгуудын нэг, ӨМӨЗО-ы умардад нээлттэй чухал гарц юм.

   Боомтын дэд бүтцийг өдөр ирэх тусам төгөлдөржүүлсээр байгаа нь Цэхээ боомтын эдийн засгийн чанартай хөгжлийг дэмжиж, сүүлийн 5 жилийн хугацаанд тус боомтоор импортолж, экспортолсон барааны хэмжээ 60 сая тонныг даван, гадаад худалдааны өртөг 18 тэрбум юаньд хүрсэн бөгөөд хилээр өнгөрсөн хүн ба автомашины хэмжээ 1.54 сая, 1.27 саяд тус тус хүрчээ.

        Боомт хөгжвөл бүх салбар даган хөгждөг. Цэхээ боомтын өндөр чанартай хөгжлийг дагаад олон олон аж ахуйн нэгжүүд гаалийн бүрдүүлэлтийн орчин, бодлогын давуу талд нь татагдан энд ирж байна. Улмаар боомтын эрч хүч бадран, импорт, худалдаа, логистик, боловсруулалт зэрэг “Дөрвийг нэгтгэсэн” эерэг хөгжлийн тогтолцоо бүрджээ. Эзэнээ хошууны Чинхуа-Макэ Нарийнсухайт компанийн орлогч захирал Ли Хуажюнь:

   - Манай компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш орон нутгийн иргэдийг 230 гаруй ажлын байраар хангаж, орон нутагт ойролцоогоор нийт 3.8 тэрбум юанийн татвар төлсөн.

   - Дараагийн алхамд Цэхээ боомт нь  өндөр түвшний нээлт, өндөр чанартай хөгжлийн шаардлагын эргэн тойронд Монгол Улстай хамтран ажиллах нээлттэй стратегийн онцлох байр суурь, хоёр талын эдийн засгийн нягт харилцаа зэрэг давуу талаа илүү тодруулан, AGV жолоочгүй машин, хүнд оврын ухаалаг ачаа тээвэр зэргийн хэрэгжилтийг хурдасгаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжин, “Боомт + өвөрмөц суурин” стратегийг хэрэгжүүлэн боомтын худалдаа, аялал жуулчлалын хотхоныг бүтээн байгуулахаар эрчимтэй ажиллах болно хэмээн Алтанбагана ярилаа.

 

Зохиогч: ЛЮ ХУНЖАН, ЖАН ХҮЙЛИНЬ, ЖЯ ИЦҮНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>