Шадар сайд С.Амарсайхан: Тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохиох нь хориотой

659

Шадар сайд С.Амарсайхан: Тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохиох нь хориотой

 

Цагаан сарын баярын үеэр буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр дээд гурван насны морьдын “Топ хурд, Дүнжингарав-2024” хурдан морины уралдаан болохоор бүртгэл хийж эхэлжээ. Мөн хоёрдугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ч хурдан морины  уралдаан болохоор зар тараасан байна.

Өвлийн цагт хурдан морины уралдаан зохион байгуулснаас үүдэж, хурдан морь унаач хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон олон жишээ бий. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар 2019 онд 57 дугаар тогтоолоо гаргаж, “Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” хэмээн шийдвэрлэсэн.

Гэвч хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулагдахаар бүртгэл хийгээд байгаа учир уг асуудлаар бид Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа. Тэрбээр “Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг тогтоолд заасан хориглолсон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулбал хуульд зааснаар дараагийн асуудал яригдах буюу хүчин төгөлдөр бус уралдаан гэж үзнэ” гэлээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Монголын морин спорт уяачдын холбооноос 57-р тогтоолыг өөрчлүүлэх, өвлийн уралдаан зохион байгуулах асуудлаар санал Засгийн газарт ирүүлсэн гэв. Гэхдээ уг саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй аж. Мөн уг асуудлаар нэр бүхий улстөрчид байр сууриа илэрхийлж, 57-р тогтоолыг өөрчлүүлэхээр лобби хийж яваа гэх мэдээлэл ч байна. 

 

https://tsahiur.mn/n/s/18658

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>