10 настай унаач хүү нас барсан байхад дахин Говьсүмбэрт морь уралдуулжээ

599

Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг дэвсгэрт хурдан морины үсэргээ зохион байгуулсны улмаас 10 настай унаач хүүхэд амиа алдсан хэрэг саяхан гарсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймагт дахин Засгийн газрын тогтоолыг зөрчиж гурван насны морь уралдуулсан явдал гарчээ. Үүнээс тусдаа гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд мориноос унаж бэртсэн 53 иргэн бүртгэгджээ.

Уг нь Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор өвлийн улиралд болон хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа бөгөөд мөрдөж ажиллахыг саяхан ЗГХЭГ-аас ч, ХЭҮК-оос ч дахин холбогдох албаныханд сануулсан.

Гэтэл Монголын Морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон Ц.Батсайхан Дүнжингаравыг сэргээх асуудлыг Засгийн газарт уламжилна гэжээ.

Тэрээр “Дүнжингаравын тухайд оны өнгө шинждэг бас л том уралдаан. Мориныхоо өнгийг үзэх гэж олон уяач Дүнжингаравыг зорьж ирдэг. Сая их хурал дээр орон нутгийн төлөөлөгч хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй бол хөдөө орон нутгийн залуу уяачдын идэвх буурч, малаа өсгөх эрмэлзлэлгүй болж, хот хороо орох хандлагатай болж байгаа талаар санал хэлж байсан. Хаврын уралдаан зохион байгуулах талаар уяачдаас санал хураахад 100 хувийн саналаар дэмжлэг авсан. Үүнийг бид дээш уламжлах үүрэгтэй” гэж хэвлэлд ярьжээ.

Өмнө нь Засгийн газрын тогтоолоор Дүнжингарав уралдааныг товлон, зохион байгуулдаг байсан юм. Дүнжингаравыг зохион байгуулсан Засгийн газрын тогтоол Улсын дээд шүүх дээр хүчингүй болсноор барахгүй Засгийн газрыг шүүхэд өгч ялсан хуульч бүсгүй Олон улсын шилдэг про-боно хуульч болсон юм.

Б.Дамдинжав  

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>