Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцов

99

Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцов

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөрБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар "Монгол, Энэтхэг улсууд хоорондоо алс хол зайтай оршдог ч олон жилийн түүхэн харилцаатай. Одоогоор Монголын хувийн агаарын тээврийн компаниуд 10 гаруй удаагийн захиалгат нислэг хоёр улсын хооронд үйлдсэн.

Монгол, Энэтхэгийн хооронд аялж байгаа зорчигчид Энэтхэгийн талаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтнүүд олноор ирж байгаа бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашны зан үйлийн арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор аялдаг. Тиймээс цаашид шууд нислэг эхлүүлэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа"-гаа илэрхийллээ.

Мөн Монгол, Энэтхэгийн хооронд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тохиромжтой хувилбаруудыг судлах, туршилтын тээвэр хийх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон.

Монгол Улсад шинээр төмөр зам барих ажил эрчимтэй явагдаж, ойрын хугацаанд зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын коридорыг барьж байгуулахаар ажиллаж байна. Төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөрш орнууд болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэрэг гуравдагч зах зээл руу экспортлох саналтай байна гэдгийг онцоллоо.

Ингэснээр Тавантолгойн коксжих нүүрсийг Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу экспортлох боломж нэмэгдэх юм.

Элчин сайд Атул Малхари Готсурвегийн зүгээс хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, шууд нислэгтэй болж, зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсаас импортлох сонирхолтой байгаагаа хэллээ.

Ташрамд дурдахад, 2010 онд Монгол Улсын Энержи Ресурс компани коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан Энэтхэг улс руу тээвэрлэх туршилтын тээвэрлэлтийг хийж байсан. Тээврийн зардал өндөр байсан тул цааш үргэлжлэлгүй зогссон байгаа юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>