Баяр ба хүний эрх

277

Баяр ба хүний эрх

 

Монголчууд бидний энэ олон баяр эрхээ эдэлж буй хэлбэр бус эсрэгээрээ хүний эрхийн зөрчил л болж хувирлаа. Жишээлбэл, гуравдугаар сард тохиодог хоёр гол баяр бидний эрхийг хэрхэн зөрчиж байна вэ. Эрэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэдэг Монгол цэргийн өдөр, эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэдэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн “жинхэнэ утга” нь ер нь юу вэ.

Хиагтыг л чөлөөлсөн өдөр

Цэргийн баяр хэмээн нэрлэж заншсан ч өнөөдөр нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлнэ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн 5.1.2-д Монгол цэргийн өдөр: Гуравдугаар сарын 18- ныг нэрлэсэн байдаг. Энэ өдөр ажлын болон гэр бүлийн эрчүүдээ нийтээрээ баярлуулдаг болоод багагүй хугацааг үджээ. Хуулиараа ч Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ. Тэгвэл Цэргийн баяр хэмээн нэрлэгддэг энэхүү өдөр яг ямар учиртай вэ. Үүнийг Монголын түүхийн тайлбар толь “mongoltoli. mn”-д тайлбарласнаар “Хиагтын тулалдаан” нэрээр “1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын эхлэл, анхны ялалт” хэмээн тодорхойлжээ. Ер нь маш товчоор илэрхийлвэл, 1921 оны гуравдугаар сарын 18-нд Монгол ардын журамт цэрэг гамин цэргийн илт давуу хүчийг бут цохиж, Хиагт хотыг чөлөөлсөн л өдөр юм. Гэтэл энэ өдөр цэрэг, цагдаагийн хувцастай зургаараа нүүр номыг дүүргэж, “Хүү төрүүлсэн ээжүүдийн баяр” хэмээн баяр тэмдэглэх нь хэр оновчтой вэ. Улсын минь тусгаар тогтнолын чухал нэгэн өдөр гэж хүлээж авах нь илүү зохистой мэт.

Эрхийнхээ төлөө дуугарах өдөр

Мартын 8 бус Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Дэлхий дахинаа энэ өдрийг 1911 оноос хойш буюу 113 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй. Анх энэ өдрийг тэмдэглэх тогтсон өдөр байгаагүй бөгөөд 1917 онд Орост дайнаас болж хохирсон олон мянган эмэгтэйчүүд “Талх ба эрх чөлөө” хэмээх ажил хаялтыг зарласан байна. Харин энэ үйл явдлаас дөрөв хоногийн дараа Засгийн газар эмэгтэйчүүдэд “бууж өгч”, сонгууль өгөх эрхийг нь хүртэл нээж өгсөн юм. Энэ өдөр нь гуравдугаар сарын 8 байсан бөгөөд үүнээс хойш олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу “Мартын 8”-ныг албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид 1955 онд зургаадугаар сарын 8-ны өдөр 137 дугаар зарлиг гаргаж, зарлигт, “Ардын хувьсгалын ойн баяр долоодугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11 дүгээр сарын 7-ны өдөр, “Эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг 3 дугаар сарын 8-нд жил бүр тэмдэглэнэ” хэмээн дурджээ. Монгол Улсад тэр үеэс эхлэн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэх болсон түүхтэй.

Ийм л учигтай, утгатай өдрүүд байтал эмэгтэйчүүд 8-ны хариугаа эрэгтэйчүүддээ 18-нд барьж, эр, эмийн баяр болгон нийтээрээ тэмдэглэж эрхээрээ хатаж, хүний эрх гээчийг уландаа гишгэж байна.

Хахуульгүй ганц одон нь хүртэл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээжүүд, эхчүүдийг алдаршуулдаг олон төрөл янзын одон медалиудыг тараадаг. “Тэнгэрлэг”, “Ухаант”, “Ачлалт”, “Хатан” гэх тодотголтой шагналуудыг гардуулахаараа нэг болно. Энэ дундаас үнэ хүндтэйд тооцогдох нь алдарт эхийн одон буюу “Эхийн алдар” одон. Хахуульгүй хамгийн шударга гэгддэг. Гэтэл энэ одон нь хүртэл ялгавартай, хүний эрхийн мэдрэмжгүй. Дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ амьд сэрүүн бол өгнө гэх. Учир нь “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульдаа “Бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” хэмээн заажээ. Бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрвүүлээ л байх ёстой, үгүй бол өгөхгүй. Хэвлийдээ бойжуулж, өсгөсөн үр нь төрөхдөө гэрчилгээгээ авч, хорвоогоос буцахдаа нас барсны гэрчилгээгээ авсан байхад хүүхдэд тооцохгүй. Энэ хүүхэд тэгээд яг хэн байсан болж таарах вэ?

Баяр ба хүний эрхУлсын аварга О.Хангай

"Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ хоёр нас дөрвөн сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан билээ. Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа харьяа хороондоо Алдарт эхийн хоёрдугаар одон авах материалаа бүрдүүлэн өгcөн. Хороо, дүүргээс асуухад нэр нь баталгаажсан гэсэн. Учрыг бүрэн тодруулахаар нийслэл болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн дөрвөн хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. Одонгоо авна гээд баяр хөөр болж байсан манай гэр бүлд бөөн уйтгар гуниг боллоо. Уйлаад л уйлаад л. Тиймээс Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан иргэнийхээ хувьд ийм асуудалтай олон гэр бүл, ээжүүдийн өмнөөс өөрийн байр суурь саналаа илэрхийлэхийг хүслээ."

Энгийн л бэр

Мартын 8-наар гардуулдаг өөр нэг одон нь дараалан гурван хүү төрүүлсэн бол хүртдэг “Дархан бэр”-ийн тэмдэг. Уг тэмдэг нь хүний эрхийг зөрчиж байна гэж ХЭҮК, Жендэрийн үндэсний хорооноос 2022 онд мэдэгдсэн. Гэвч улам л өргөжиж дараалан гурван охин төрүүлсэн ээжид “Уран бэр” хэмээх тэмдэг олгодог боллоо. Энэ нь цаашид ч үргэлжлэх бололтой. Учир нь Монголын гэр бүл алдаршуулах төв, Монголын Дархан бэрийн үндэсний холбоо, Монголын уран бэрийн үндэсний холбоотой хамтран нэгдэж саяхан нэг зар оруулсан нь энэ байв.

“Цагаан сарын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Дархан бэр, уран бэрүүдийн хүсэлтийн дагуу албан ёсны байгууллага болох гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх, олон хүүхэд өсгөж байгаа ээж, аавуудыг олон нийтэд сурталчлах, алдаршуулах, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Дархан бэр”, “Уран бэр”, “Ачлалт ээж” -д шагнал гардуулах хүндэтгэл ёслолын арга хэмжээг ”Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд зохион байгуулах гэж байна” хэмээжээ.

Энэхүү зарын нь дор “Дархан бэр хэд вэ”, “Уран бэрийн мэдээлэл чатаар авъя”, “Ачлалт ээжийн болзол юу вэ” гэх мэт хэдэн зуун коммент дараалсан байх юм. Хүүхдийн хүйс сөөлжилж төрвөл ямар ч бэр биш энгийн л бэр байх нь. Хэдэн зуун дамжсан хүйсийн ялгаварлал нь одоо ч бат оршиж, “дараалсан”, “дан нэг хүйс” гэсэн тодотголоор цол нэмлээ. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилготой хэмээн тодотгосон эдгээр шагнал нь хэдхэн төрийн бус байгууллагын л мөнгө угаах арга хэрэгсэл юм шүү дээ.

Баяр ба хүний эрхХЭҮК-ийн Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ

"Аймаг, сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж “Дархан бэр” гэж эмэгтэйчүүдийг цоллож нэр алдар өгдөг асуудал үүссэн. Энэ нь маш том ялгаварлан гадуурхалт. Түүнд нь болзлууд бий. Тухайн эмэгтэй гурав ба түүнээс дээш эрэгтэй хүүхэд төрүүлсэн бол “Дархан бэр”-ын болзол хангана гээд заачихсан. Гэтэл энэ нь цаагуураа эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийн хүйсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Хатуухан хэлэхэд нэг талаас төр өөрөө олон хүүхэдтэй ээжүүдэд одон өгөөд дэмжиж байгаагийн хажуугаар хүүхдээ өсгөх, хөдөлмөрийн харилцаанд саадгүй орох орчин нөхцөлийг нь хангаж өгөөгүй. Төр хүн амаа өсгөх бодлого барьж байгаа хэр нь хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэй байлгах, цэцэрлэг сургуулийг хүртээмжтэй байлгах үүргээ хангаж чаддаггүй."

Баяр бүхний хахууль

Цэргийн баяр болон Мартаар цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагчид эрэгтэй нь эмэгтэйгээ, эмэгтэй нь эрэгтэйгээ баярлуулна. Дээрээс нь эрэгтэй багштай бол гуравдугаар сарын 18-нд, эмэгтэй багштай бол гуравдугаар сарын 8-нд мөнгө хураана. Элдэв мөнгө, татаасыг хуулиар хориглосон ч энэ нь оршсоор л байна. Саяхны нэгэн жишээ дурдахад ... сургуулийн 3в ангийн сурагчид Март, Цэргийн баярыг 1.3 сая төгрөгөөр тэмдэглэжээ. Төсвийг танилцуулвал, нэг багц нь 86 мянган төгрөгийн үнэтэй, пицца, чикений багцаас найман ширхгийг 688 мянга, торт 100 мянга, ус ундаа 67 мянга, чихэр жимс 200 мянга, багшид өгөх бэлгийг 300 мянгаар тооцож, нэг хүүхдээс 30122 төгрөг хураахаар тогтжээ.

Баяр ба хүний эрхИргэн Б.Цэцэг

"Баяр болгоноор сурагчдаас татаас авч элдэв бэлэг сэлт болдгоо болих болоогүй юу. Хуулиар хориглоод байхад л багш нар нүдний урд суугаа хүүхдүүдийнхээ хэн нь ямар амьдралтайг мэдсээр байж өгсөн бэлгийг нь ёс юм шиг авцгаадаг. Багшдаа долигонодог эцэг, эхийн зөвлөл нэртэй хэдэн салтгар аав ээжүүдийн татаас бусад боломжгүй аав ээжүүдэд ямар хэцүү хүнд тусдагийг ойлгодог болов уу. Сонсоод байхад л бүр баяр алгасахгүй татаас авч байгаа харагдах юм. Ар гэрийн гачигдалтай таваг хоолноосоо хэтрэхгүй айл өрхүүд яаж сар бүр элдэв хандив цуглуулж өгөөд суухав дээ. Мөнгө өгч чадаагүй ангийн хүүхдээ дундаа хийж гадуурхана. Миний багад ч байсан асуудал одоо ч улсын сургуульд үргэлжилж байна гэхээр “дибил” санагдаж байна."

Өөр нэг жишээ өгүүлэхэд, гудамжинд хэдэн охид ангийн охин руугаа утасдаж байна. “Багшийн бэлгийг авах гээд чиний мөнгийг хүлээгээд байна” гэв. Нөгөө охин “Ээж харин мөнгөгүй байна” гэхээр “Ээж чинь одоо ямар сонин юм бэ. Хүнээс зээлчих гэж хэлчихээч” хэмээхэд охин утсаа таслав. Охид ч уурсав.

Ангийхнаасаа ийм мэдрэмж авсан охин ээждээ гарцаагүй уурлаж л таарна. Энэ охид тэр охиныг гадуурхаж л таарна. Ангиараа мөнгө хураахад өгдөггүй нэгнийг хүүхдүүд хэрхэн элэглэдгийг та ч мэднэ, би ч мэднэ. Давхар эцэг, эхийг нь ч цоллодог.

.. сургуулийн ээж

Б.Х

"Багш нарыгаа багш нарынх нь баяраар л сайхан баярлуулчихаж байхад болно гэж боддог. Гэхдээ энэ үзлээсээ болоод зарим хүмүүст адлуулаад байдаг тал байдаг. Үүнийг дагаад охидыг минь ч адлаад байж магадгүй гэсэн битүүхэн айдастай л байдаг."

Ангийн олон хүүхдийн эцэг, эх дунд багшийг баярлуулах 20, 30 мянга битгий хэл хоногийн түлээгүй даарч хөрж, өл залгуулах хоолгүй, хүүхдүүдийнхээ урагдсан гутлыг нь сольчих чадалгүй, өр зээлээ ч төлж чадахгүй өчнөөн өрх бий шүү дээ. Тэдэнд ямар хүндээр тусахыг төсөөлөх ч үгүйгээр дураараа ийнхүү аашилж, баян ядуугийн ялгааг гааруулж, ялгаварлан гадуурхана. Бэлэг сэлт багшид нь өгөхгүй гэхээр бэлтэйгээ гайхуулж ганцаараа өгнө. Үүнийг нь харсан хүүхэд “Ээж ээ, би ч гэсэн багшдаа бэлэг өгмөөр байна” гэж эцэг, эхээ зовооно. Хээл хахуулийг улсаараа туйлдаа хүртэл үзэн ядах хэрнээ ингэж л багштай нь нийлэн хахуульд сургадаг.

Мөн Мартын 8, Цэргийн баяр болохоор л гэнэт “Аавдаа шүлэг бичээрэй”, “Ээждээ захидал бичээрэй” гэнэ. Энэ амьдралдаа ч ээж, аавыгаа ч хараагүй тэд хэндээ зориулж юу бичиж, юу хийх юм бэ. Аав, ээжийгээ биш хайртай хүндээ зориулж хийгээрэй гэж сайд нь хүртэл хэлсэн байхад одоо ч хэвээр.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсад одоогоор 66648 өрх толгойлсон ээж, 15089 өрх толгойлсон аав байна. 2911 бүтэн өнчин, 36363 хагас өнчин хүүхэд бий. Үүний цаана албан ёсны бүртгэлд бүртгүүлээгүй мянга, мянган хүүхэд өнчингийн зовлонг үүрч яваа.

Баяр ба хүний эрхБШУ-ы сайд Л.Энх-Амгалан

"Би яг 2 жилийн өмнө, энэ өдөр “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”- уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчилье. Энэ бол хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй” гэх үгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэсэн. Хүүхдүүдийн эрхийг дээдлэх ёстой салбарын сайдын хувьд энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Өнөөдөр цэцэрлэгт хагас, бүтэн өнчин 1886 хүүхэд, ЕБС-д гэхэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийн тоо 1571 байдаг. Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй. Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй."

Баярлаж болно, баярлуулж ч болно. Гэхдээ нэгнийгээ дарамталж, доромжилж, нулимсыг барж ингэж баярлах нь зохимжгүй юм.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>