Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг уриаллаа

163

Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг уриаллаа

 

Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хороон дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж “Go Mongolia 2.0” хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсч, 2024 эхний 10 сарын 07-ны байдлаар манай улс 680,711 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 70 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар, 2023 оноос 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнийг ахиулж 2024 оны эцэс гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг “Go Mongolia” нэгдсэн брэндингийг олон улсад сурталчлах аянд нэгдэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүсийг байгалийн, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, баруун бүсийг байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгон хөгжүүлэхээр зарласан. Бүсчилсэн хөгжлийн энэ бодлоготой уялдуулан ирэх дөрвөн жилд 4,440 км зам барьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбож дуусгахаар төлөвлөж байна. Мөн хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, байнгын ажиллагаатай боомтуудын тоог нэмэх, авто болон төмөр замаар холбох ажлуудыг үргэлжлүүлж олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөхөөр төлөвлөж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хуралдаанд оролцогчид аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэхтэй холбоотой дараах саналуудыг хэлэв. Үүнд төрийн байгууллагууд олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөнүүдийг аялал жуулчлалын идэхгүй сар болох өвлийн улиралд зохион байгуулах, өвлийн улиралд жуулчдыг татахын тулд эдгээр саруудад жуулчдад зориулсан хямдралт худалдаа явуулдаг байх, дотоодын жуулчдыг татахын тулд аялал жуулчлалын бүс нутгуудад орон нутгийн нислэгийг амралтын өдөр тааруулах, гадны томоохон нисэх буудлуудад Монгол Улсыг сурталчлах урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, аяллын хөтөч мэргэжлийг эрэлттэй мэргэжилд багтаах талаар хөндлөө.

Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр гарсан саналуудыг ажил хэрэг болгох бүрэн боломжтойг дурьдаад холбогдох байгууллагуудад асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын Шадар сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны гишүүн Т.Доржханд Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой, өндөр үр ашигтай салбар болохыг онцлоод хамтарсан Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтвортой бодлого баримтална. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолж, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхнийг Засгийн газар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>