БАЯН, ЯДУУ ХОЁР

1157

БАЯН, ЯДУУ ХОЁРБорвиороо бор эсгий цувуулсан нусгай бор хүү хамуутай бор даагаа унаад эзэн хаанаа зайлуулж, охиныг нь эхнэр болгон авч хаан ширээнд суугаад амарсайхандаа жаргадаг. Эсхүл гуйлгачин ядуу бас дээрээс нь тэнэг Иван хүү херөнгөтэй хоёр ахыгаа дийлж, эзэн хаанаа лууны аманд хаяж өгөөд үзэсгэлэнт охинтой нь гэрлэж, хаан ширээнд суугаад хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи сөгнөөд үлгэр төгсдөг. Үзэл санаа нь гуйлгачин ядуу байж байгаад баян хөрөнгөтэй хүний эд юмыг дээрэмдэж эхнэр хүүхдийг нь колончлоод эрх мэдэлд хүрэх. Улс гүрэн бүхний үлгэрт иймэрхүү зохиомж бий. Эргэцүүлж тунгаавал нэлээд террорист шинжтэй байгаа биз...

 

Социалист нийгмээс салаад 25 жил болсон гэх. Гэтэл нийгмийн сэтгэлгээ нь яг таг хуучнаараа. Алхам тутамд үүнийг мэдэрч болно. Тухайлбал, Ноён уулаа аврах төлөвлөгөөтэй "Босоо хөх Монгол" гэх бүлгэмийн гишүүд өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж байна. Гэтэл фэйсбүүк, твиттерт "Хаммер жийптэй тэмцэгчид гэж юу байсан юм бэ...", "Өө нөгөө өлсгөлөн зарлаад байсан авгай алтан ээмэгтэй явж байх юм. Шал худлаа тэмцэгч байна", "Энэ бүлгэмийн удирдлагууд нь хувьдаа компанитай баячууд" гэх шүүмж давамгайлах шинжтэй. гавьяат дуучин С.Жавхлангийн яриад тэмцэлд уриалаад байгаа бүхэн үнэний ортой. Гэтэл мань хүн "Зайсанд амьдарч байгаа хүмүүсийг цээрлүүлнэ", "Тэд бол хатавчинд суугаа улс, харин Чингэлтэй, Долоон буудалд амьдарч байгаа хүмүүс бол энэ улсын эзэн " гэж ярих. УИХ-ын гишүүн Г.Уянга "Улаанчулуутын хогийн цэг дээр хууль дүрэм гэж байдаггүй юм шүү. Тэд өлсгөлөн, ядуу байгаа. Нэг л өдөр Зайсан руу дайрна гэж байгаа шүү" гээд УИХ-ын танхимд ярьж байх юм. Тэгэхээр ядуу хоосон хүмүүс л жинхэнэ тэмцэгчид, эх орноо хамгаалагчид болж таарлаа. Харин баячууд, Зайсанд амьдарч байгаа иргэд нь ангийн дайсан байх нь.

 

Хог түүж амьдардаг хэдэн хүн өнөөх өлсгөлөн зарлаж байсан нөхөд дээр очиж дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурж, жаахан ч гэсэн мөнгө өгчээ.

 

Гэтэл тэднийг харсан хүмүүс "Хүүе, хаая, эдэнд хүртэл эх орон хэрэгтэй юм байна. Тэд мөнгө өгч байхад бид даанч дээ..." гэж ирээд л шогширцгоов. Амьхандаа өөрсдийгөө тэднээс дээр гэж үзэгчид ийнхүү гасалж гангиналаа... Тэмцэл хийж байгаа эх орончид дандаа ядуу байх ёстой гэнэ. Тэгвэл үнэн харагдах юм байж. Энд нөгөө үлгэрт гардаг нусгай бор хүү эзэн хаанаа түлхэн унагааж охиныг нь хаан ширээтэй нь хамт эзэрхийлдэг домгийн сэтгэлгээ яваад байна. Ядуу хүн л үнэнийг хэлдэг, ядуу хүний л зөв байдаг, ядуу хүн л сайхан сэтгэлтэй хэмээх большевик үзэл нэвт шингээстэй. Тэгэхээр нөгөө талд нь баян хүн муу санаатай, баян хүн авах идэхийн донтой тэд бол ерөөсөө мангас байж таарлаа, Уг нь бид энэ мэт сэтгэдэг, сэтгэхийн тулгадаг байсан нийгмээсээ гарч ардчилсан улс болоод 25 жил болчихоогүй бил үү.

 

Ердөө 100-гаадхан жилийн өмнөх түүхээ эргэн сана л даа. 1911 оны Манжийн дарлалаас гарах тэмцлийг манай үндэсний хөрөнгөтөн, шашны мянДагтнууд удирдаж тусгаар Монгол улсыг байгуулж байсан. Тэр бүү хэл судсандаа дусалч монгол цусгүй төвд лам Богд Жавзандамба хутагт голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. Чингисийн алтан ургийн ноёд байсаар атал түүнийг Монголын хаан ширээнд залж байлаа. Тэгэхээр бидний өвөг дээдэс хүнийг хөрөнгө чинээ, язгуур угсаа, угсаа гаралаар ялгаварлан гадуурхах үзлээс хэрэгтэй цагт ангид байж чаддаг байж. Онцолж хэлье, хэрэгтэй цагт шүү. Харин өнөөдөр бид социалист сэтгэлгээнээсээ салж чадсангүй. Бүр араас түрж яваа залуу үе маань ч ийм сэтгэлгээтэй байгаа нь харамсалтай санагдах боллоо. Эх орон ярьсан болгон эх оронч байдаггүйтэй адил хөрөнгөтэй баян бүхэн дайсан байдаггүй юм гэдгийг ойлгоосой. Нэг найз маань намайг дуучин С.Жавхлантай "Цензургүй яриа" хийсний дараа "Жавхлан уг нь зөв юм яриад байгаа юм. Тэр тэмцэлд нь нэгдэж жаахан ч гэсэн хандив өгөх юмсан. Харин намайг хувьдаа үйлдвэртэй, тэгээд Зайсанд амьдардаг гэхээр өмнөөс шороо цацаад хөөх байх даа. Одоо хаана амьдардаг, юу хийдгээ ч нуух цаг ирэх нь дээ" гэсэн нь энэ нийтлэлийг бичих сэдлийг өгсөн билээ. Миний найз шиг ийм олон мянган хүн байгаа. Бизнес хийгээд зарим албан тушаалтнуудад дарамтлуулаад, улстөрчдийн шантаажид орж хандив өргөдөг, тэгээд энэ тогтолцоог үзэн яддаг хөрөнгөтнүүд хүн биш үү. Тэднийг шууд авилгачдын эгнээд тооцох уу. Хэрэв одоогийн энэ сэтгэлзүйгээр төрийн эргэлт гарвал Зайсанд амьдардаг, баян, хөрөнгөтэй гэсэн зүйл ангиар олон хүнийг цаазлах нь ээ. Бидний түүхэнд тийм үе байсан. 1937 онд хөрөнгөтэй, мэдлэг боловсролтой, Чингисийн шууд угсаа гэдгээр нь ангилж 40 гаруй мянган хүнээ "Японы тагнуул, "Ангийн дайсан" нэрээр буудчихсан улс шүү бид.

 

Оросод 1917 оны Октябрийн хувьсгалын дараа сэхээтэн, хөрөнгөтөнүүд нь өөрсдийг нь язгууртан гэдгийг нь илтгэх цэвэрхэн цагаан арьснаасаа хүртэл айж шороо, нүүрс түрхэж, франц, герман хэл мэддэгээ нууж, номын сангаа хуу татан шатааж гуйлгачин ядуу харагдах гэж хичээж, балмагдаж явсан тэр үеийг энд давтахын хэрэг байхгүй ээ.

 

Тиймээ, хөрөнгөтөн бүхэн бас сайн хүн биш. Тэдний дотор луйвар хийж улсын хөрөнгөнөөс хулгайлж, шударга бус замаар баяжсан этгаэдүүд бий. Гэвч цөөхөн... фэйсбүүкт нэгэн охин бичжээ. "Яаж ч шударгаар хөдөлмөрлөөд Зайсанд байшин авч чадахгүй шүү дээ" гэж. Иш охин минь дээ, Зайсан бол диваажин биш. Зайсанд байр авлаа гээд хүн болж төрсний хэрэг бүтэх уү. Бас Зайсанд амьдарч байгаа бүхэн ч баян биш. Энэ бол зүгээр л сэтгэлгээний гажуудал. Хөдөлмөрлөж гэмээнэ амьдрал цэцэглэдэг жамтай. Баян чинээлэг амьдрахыг мөрөөдөж л байгаа бол чин сэтгэлээсээ сайн ажиллах хичээх хэрэгтэй. Би биш хүн төрөлхтөний түүх үүнийг өгүүлж байна. "Гар хөдлөвөл ам хөдленө" Монголын ард түмэн зүгээр ч нэг хэлчихээгүй юм аа. Харин сүүлийн үед "Бүгд баян амьдарч Чадахгүй бол бүгдээрээ ядуу амьдрах ёстой" гэсэн философи газар авах янзтай. Энэ аюултай. Хүн яаж ч ядарч туйлдсан бусдын эд хөрөнгийг дээрэмдэхгүй, баян чинээлэг амьдралтай хүнд атаархаж тэднийг хорлохгүйгээр зүгээр я мөрөөрөө өлсөөд үхэх ёстой. Харин өөрөө баян чинээлэг амьдарч байгаа бол хаа нэгтээ өлсгөлөн ядуу хүн бий гэдгийг санаж тэдэнд туслах сэтгэлийг өвөрлөж явах хэрэгтэй.

 

Тиймээ, би хүүхдүүддээ ингэж л сургадаг, бас захидаг. Чамайг ядуу амьдарч байгаад чинь баян хүн 6уруугүй гэж...


Л.МӨНХБАЯСГАЛАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>