Б.Ариунзаяа: Хохирогчид 10 сая төгрөг өгсөн. Дахиад 10 сая төгрөг нэхэхээр нь асуудлаа шийдэх гэж гадаадаас ирсэн
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас өчигдөр (2025.01.22) мэдүүлэг авахаар саатуулжээ. Түүнийг бусдын биед хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Б.Ариунзаяа нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр олж тогтоон мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст авчирсан.
Яллагдагч А нь тогтоосон хугацаанд өөрийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болж цагдаагийн хэлтсээс явсан" талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
Энэ талаар Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа:
-Намайг шантаажилж байгаа хүмүүсийн бичлэг дээр “Ардчилсан намын хүүхэд байна. МАН-ын өмгөөлөгч аваад наад хүүхдээ сайхан чанаадхаач” гэж байгаа юм. Би шантаажны хэрэгт орчихсон. Миний хохирол учруулсан гээд байгаа охин надад “Чи бусдын толгой дээр кофе асгасан охин. Чамайг намайг зодсон гээд хэлэхэд хэн чамд итгэдэг юм” гэсэн. Ээж, эгчтэйгээ нийлээд надаас мөнгө авахаар шантааж хийж, 10 сая төгрөг авсан. Тэгээд долоо хоногийн өмнө “Аавынхаа оршуулгад чамаас болоод очиж чадахгүй байна. Дахиад 10 сая төгрөг өгчих” гэж хэлэхэд нь би асуудлаа шийдэхээр гадаадаас хүрээд ирсэн гэв.
АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр:
-Иргэн Б.Ариунзаяагийн өмгөөлөгч С.Содномдорж Хөвсгөл аймагт явж байгаа. Талийгаач хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр нас барахаас 20 хоногийн өмнө Ардчилсан намын хүний эрхийн хороонд хүсэлт гаргасан. Ингэхдээ “Өөрийг нь дарамтлах байдлаар охиныг маань заналхийлсэн. Тиймээс охиныгоо гадаад руу явуулсан байгаа. Чи миний охиныг харж хандаарай” гэдэг зүйл хэлсэн. Тиймээс АН-ын Хүний эрхийн хороо эрх нь зөрчигдсөн хүний төлөө явна гэв.
Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдсан. Шалгагдаж байхдаа оргон зугтсан тул түүнийг эрэн сурвалжилж байсан юм.
Сануулахад, Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр халуун кофе асгаж, танхайрсан хэрэгт холбогдож байсан билээ.