Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бодлого гаргахыг шаардлаа

23

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бодлого гаргахыг шаардлаа

 

Засгийн газраас ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байгаа аж. Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмүүлэх тухай албан шаардлагыг төрийн гурван өндөрлөгт гаргажээ. Тэгвэл Ахмадын холбооноос тус шаардлагынхаа талаараа мэдээлэл хийлээ.
Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар: 2025 оны наймдугаар сараас хойш ахмадууд хэсэг бүлгээрээ нэгдэн хэвлэлийн бага хурал хийж ахмад настнуудын амьжиргааг дээшлүүлэх тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж эхэлсэн. Энэ сарын 10-ны өдрөөс жагсаал цуглаан хийж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах, түүнчлэн 2025 оны улсын төсвийн төсөлд тэтгэврийг зөвхөн инфляцын түвшинтэй уялдуулан зургаан хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн шаардлагыг төр засагтаа тавьж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлсэн.
УИХ-аас 2024 онд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмад настнуудад үзүүлэх цогц болон хувилбарт үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, амралт сувиллын хүртээмжийг сайжруулж, Засгийн газраас тэтгэврийг зохих хэмжээнд нэмэгдүүлж ирсэнд ахмад настнууд талархдаг.
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар дугаар зүйлийн 8.3-т "Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ" гэж заасан. Энэ нь тэтгэвэр авах шударга зарчмыг чанд мөрдүүлэх нөхцөлийг хангаж, хэт их зөрүү үүсгэсэн гажуудлыг арилгаж ойртуулах, тэтгэврийн доод хэмжээг цалингийн доод хэмжээний зохистой харьцаанд хүргэж нэмэгдүүлэх бодлогын асуудлыг шийдвэрлэж өгсөн хууль эрх зүйн нэн чухал зохицуулалт.
Гэтэл тэтгэвэр бодох цалинг индексжүүлэн нэмэгдүүлсэн 2022 оноос хойших хугацаанд бараа, бүтээгдэхүүн, тарифын огцом өсөлт, мөнгөний ханшны уналт, хүн амын худалдан авах чадварын уналт, шинэ хуучин тэтгэврийн хэт зөрүүтэй байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Өнөөгийн тэтгэврийн хэмжээ нь ахмадуудын амьдралын наад захын хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ахмад настнуудын 57.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу бага орлоготой, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тохиолдолд амьдрах чадваргүй хүн олноороо байна. Хамгийн гол тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэ. Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулаач гэж шаардаж байна. Ахмадуудын тэтгэврийг хэрхэн үе шаттайгаар 1.5 сая төгрөг болгох дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаж ахмадууддаа танилцуулахыг шаардаж байгаа юм. Энэхүү шаардлагаа төрийн гурван өндөрт хүргүүлнэ.
 Ахмад настнуудын тавьсан санал, гомдол, шаардлагад үндэслэн Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлөөс бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг та бүхнээс хүсэж, дараах албан шаардлагыг хүргүүлж байна. 
1. Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тусгайлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх, уг баримт бичигт Ахмад настны амьжиргааны түвшин, орлогын эх үүсвэрийг баталгаатай болгох үүднээс ахмадуудын шаардсаны дагуу тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэх, шинэ, хуучин тэтгэврийн хэт зөрүүтэй байгаа буруу тогтолцоог арилгах, дундаж тэтгэврийг цалин хөлсний  улсын дундаж хэмжээний 75 хувьд хүргэх бодит зорилтыг улс орны эдийн засгийн өсөлттэй уялдуулан богино, дунд хугацааны стратеги болгож шийдвэрлүүлэх асуудлыг нэн тэргүүнд тусгах,
2. Үнэ инфляцын өсөлтийн түвшинг төлөвлөсөн 2026 онд 6 хувь байна гэх тооцсоноор биш бодит өсөлтөөр тооцож, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тэтгэврийн хэмжээг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
3. Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хязгаар гадаг зохиомол хязгаарлалт тогтоосныг залруулж /хасаж/ өөрчлөх. Мөн Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх,
4. Эхчүүдийн тэтгэвэр тогтоох ажилласан жилийг тооцохдоо төрүүлж өсгөсөн хүүхдийн тоог харгалзан ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцсон хүүхэд бүрд нэмэгдүүлж тогтоодог хуулийн заалтад эхчүүдийг бүрэн хамруулж нэг мөр хэрэгжүүлж, тэдний тэтгэврийг нь шинэчлэн тогтоох,
5. Ахмад настнуудад түрээсийн орон сууц олгож квотыг аймаг, нийслэл, дүүрэг бүрд тогтоож, тэднийг орон сууцаар хангах хөтөлбөрийг 2026 оноос эрчимтэй хэрэгжүүлэх, ялангуяа нийслэл Улаанбаатар хотод энэ талаар дорвитой арга хэмжээ авч, ахмад настнуудад түрээсээр болон хөнгөлөлттэй нөхцөл журмаар орон сууц олгох хөтөлбөр боловсруулан аймаг, нийслэл, дүүрэг бүрд ахмадын орон сууцны тусгайлсан квот тогтоон өгч мөрдүүлэх арга хэмжээ авах;
6. Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, эхчүүдийн тэтгэврийг шинэчлэн тогтоох зэрэг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2025 оны төсөвт нэмж тусган батлуулах хэмээн тусгалаа. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>