"Эрдэнэт үйлдвэр нөөцөө шинэчлэн тогтоож, түүхэн дээд амжилт үзүүллээ"
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2025.09.07/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчидтай уулзлаа.
Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" жилд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулсан нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн дээд амжилт болсныг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа.
Тэрээр "Эрдэнэтийн ордын хүдрийн нөөц анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тооцож байв. 1989, 2016, 2021, 2025 онуудад нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй, ашиглах хугацааг 2079 он гэж тогтоосон.
JORC стандартаар 3.4 тэрбум тонн хүдэр, 11.3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй буюу энэ нөөцөөр цаашид багадаа 55 жил ажиллах боломжтой.
Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгдсэн. Хүдрийн зэсийн агуулга анх 0.89 хувь байсан бол өдгөө 0.36 хувь болж буурсан. Ирээдүйд 0.24 хувь болж буурна гэсэн зураглал гарсан байна.
Гэхдээ хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 40 сая тоннд хүргэсэн учраас үйлдвэрлэлийн түвшинг бууруулахгүйгээр урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах бололцоо бий болсон" гэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 7000 гаруй ажилтантай. Уурхайчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх, амьдралын түвшнийг ахиулах буюу хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүлэх чиглэл болгож ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгов.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар