Одессын төвд дахин бөмбөг дэлбэлжээ
Одесс
хотноо ОХУ-д хэт даврагч байгууллага гэж тодорхойлсон "Баруун жигүүр”
радикал байгууллагын оффист орон нутгийн цагаар шөнийн 00.30 цагт
бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтийн үеэр оффист гурван хүн байсан ч ноцтой
бэртэж гэмтээгүй байна. Дэлбэрэлтийн улмаас ойр хавийн орон сууцнуудын
цонх хагарч, зогсоолд тавигдсан автомашинууд эвдэрчээ. Хэргийн газар
аврагчид, цагдаагийнхан ажиллаж байгаа аж.
Ер нь он гарсаар Одесст хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлсэн юм. Нэгдүгээр сарын 3-нд Одесса-Пересыпь төмөр замын буудал дээр бензинтэй цистернийг дэлбэлж, үүнээс хоёр өдрийн дараа Донбассын тусгай ажиллагааны дайчдад туслах төвийн байранд тавьсан бөмбөг тэсэрчээ. Мөн сарын 11-нд Одессын дагуул хот Измаил дахь "У фонтана” кафед бөмбөг дэлбэрч 15 хүн шархдсан юм. Нэгдүгээр сарын 16-нд Одессын төвд байрлах "Диамантбанк”-ны салбарын үүдэнд бөмбөг дэлбэлжээ.
Хоёрдугаар сарын 11-нд Одессын төвийн нэгэн байшинд дахин дэлбэрэлт үйлдэж, 17-нд Одессын "Автомайдан” байгууллагын даргын оффист бөмбөг дэлбэлсэн аж. Эдгээр цуврал дэлбэрэлтийн үйлдэгчдийн нэг нь ч баригдаагүй юм.
Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/