Даатгалын мөнгөө гэр бүлийнхээ гишүүдэд шилжүүлж болно

416

Даатгалын мөнгөө гэр бүлийнхээ гишүүдэд шилжүүлж болно НББСШУ-ны байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өчигдөр танилцууллаа. Уг хэвлэлийн хуралд байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар оролцсон юм. Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанд 20 хуулийн төсөл, дөрвөн тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох болон чөлөөлөх тухай таван асуудлыг хэлэлцүүлж, батлуулсан байна. УИХ-аар Номын сангийн тухай, Монгол хэлний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталсныг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Монгол Улсын иргэн бүрийн эрх ашигтай холбоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг баталлаа. Ингэснээр эрүүл мэндийн салбарт хууль эрхзүйн чухал өөрчлөлт хийсэн гэж дүгнэж байна. Энэ хуулийг долдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлнэ. Тэгэхээр иргэн бүр цахим карт эзэмшиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ хяналт тавих боломжтой. Шимтгэлийг бодитой болгох чиглэлд анхаарч ажилласан. Өмнө нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг улс төрийн зорилгоор янз бүрийн аян зохион байгуулж, түнд 17-18 тэрбум төгрөг зарцуулж байсныг хориглосон” гэлээ. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

 

-Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар төрлийн үйлчилгээ нэмж авахаар хуульд заасан вэ? 

-С.Одонтуяа: -Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг урьд нь даатгалын сангаас санхүүжүүлдэггүй байсан. Тиймээс энэ заалтыг нэмсэн. Анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа сум, өрхийн эмнэлгүүдэд ач холбогдол өгч даатгалаас нэмж санхүүжүүлэхээр болсон. Жишээ нь, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлнэ. Дүүрэг, аймгийн эм нэлгийн эмчийн бичсэн эмийн үнийн хөнгөлөлтийг даатгалаас гаргана. Өдрийн эмийн үйлчилгээ даат галаас санхүүждэггүй байснаас иргэд эмнэлэгт хэвтэж байж л даатгалд хамрагддаг гажуудал байсныг залруулж, өдрийн эмчилгээг даатгалд багтаасан. Түүнээс гадна хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг даатгалд хамруулсан. Ингэснээр иргэд Хавдар судлалын үндэсний төв дээр заавал ачаалал үүсгэхгүйгээр тухайн аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хавдрын тасагтай бол даатгалаас санхүүжүүлээд явна гэсэн үг. 

 

-Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх багцыг үндэсний зөвлөл жил бүр шинэчлэн батлах заалт орсон. Үндэсний зөвлөлийн эрх яаж нэмэгдэж байгаа вэ? 

-Д.Батцогт: -Гадны улс орнууд даатгалаас санхүүжүүлэх багцыг жил бүр шинээр баталдаг. Энэ жишгийн дагуу жил бүр шинэчлэн баталж, танилцуулаад явна. Нарийн асуудлыг журмаар зохицуулах юм. 

 

-Мөнгө нь хүрэхгүй бол гэр бүлийнхээ өөр гишүүний мөнгийг зарцуулж болно гэдэг заалт Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Төрөөс даатгалын шимтгэлийг нь хариуцаж байгаа болон өөрсдөө даатгалаа төлдөг иргэд бий. Төрөөс даатгалыг нь төлж байгаа хүн энэ урамшуулалд хамрагдахгүй. Харин цалингаасаа, халаас наасаа даатгал төлдөг иргэд энэ урамшуулалд хамрагдах юм. Дээд тал нь нэг сая 800 мянга орчим төгрөг байгаа байх. Энэ мөнгө нь хүрэхгүй тохиолдолд гэр бүлийнхээ өөр гишүүний мөнгийг шилжүүлснээр 3.6 сая төгрөгийн тусламж авна гэсэн үг. 
 

 

Ц.ТУНГАЛАГ
 

 

Санал болгох