Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал болон Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хууль зөрчиж байгаа талаар

1722
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал болон Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хууль зөрчиж байгаа талаарГовьсүмбэр аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанд АН Улсын дээд шүүхээс төлөөлөгчийн бүрэн эрхийг нь хүчингүйд тооцсон Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг хууль, шүүхийн шийдвэрийг үл тоож оролцуулсаар байгаа, мөн Улсын дээд шүүхийн нөхөн сонгууль явуулахыг даалгасан шийдвэрийг бүтэн нэг жил гаруй хугацаанд биелүүлэхгүй байгаагаас гадна хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа талаар МАН-аас мэдээлэл хийлээ.

Тус аймгийн иргэд сонгогчид ИТХ-ийн зарим төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Засгийн газар, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа тавьж ирсэн ба энэ талаар дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн байна. Гэвч энэ асуудал шийдэгдэлгүй нэг жил 4 сарын хугацаа өнгөрсөн учир МАН-ын зүгээс хууль шүүхийн шийдвэрийг биелэлтийг хангуулах үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэхээр болжээ.

2012 оны Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон дөрвөн хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэрээр эгүүлэн татсан ба тэдний оронд сонгогдсон   Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарын бүрэн эрхийг мөн Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тогтоолоор  хүчингүйд тооцон, сонгуулийн дөрвөн  хэсэг дээр нөхөн сонгууль явуулахыг аймгийн ИТХ-д даалгасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д "… нөхөн сонгууль явуулах бол тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид уг нөхцөл байдал үүссэнээс хойш 14 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж зохион байгуулна гэж заасан байдаг.

Гэвч Аймгийн ИТХ-ын дарга, хуралдаан даргалагч Д.Баянжаргал нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг өнөөдрийг хүртэл аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаануудад хууль зөрчин, ирц бүрдүүлэн оролцуулсаар нь хууль, шүүхийн шийдвэр, Засгийн газрын албан тоот, ШШГ албаны шаардлага, иргэд, сонгогчдын удаа дараагийн шаардлагыг үл тоож эрээ цээргүйгээр авирлаж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.

 

Аймгийн иргэд, сонгогчдын зүгээс хууль зөрчигдөж байгаа тухай, аймгийн иргэдийн иргэдийн 65,7 хувь нь аймгийн ИТХ-д төлөөлөгүй эрх ашиг нь хохирч байгаа тухай, шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн сонгуулийг яаралтай товлон зарлаж аймгийн ИТХ-ыг бүрэн бүрэлдэхүүнтэй болгох талаар аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, аймгийн ШШГ алба, Сонгуулийн Ерөнхий хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин,Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сайд С.Баярцогт нарт удаа дараа хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, энэ хэрээр иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Сонгуулийн ерөнхий хорооны даргад энэ асуудлаар асуулга хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй байна.

 

Хууль бус хүмүүсийн оролцсон  ИТХ-ын хуралдаан, хуралдаанаас гарсан бүх шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцогдох болсон нь аймаг, орон нутгийн ажил, амьдралд ихээхэн бэрхшээл үүсгэх болсон байна.

 

Хамгийн ноцтой нь тус аймгийн нийт сонгогчдын 65.7 хувь нь буюу дээрхи 4 тойргийн сонгогчид аймгийн ИТХ-д төлөөлөлгүй эрх нь ноцтойгоор зөрчигдөж бараг 2 жил шахам болж байгаа нь онцгой анхаарал хандуулах асуудал мөн гэж орон нутгийн иргэдийн төлөөлөл болон МАН-ын зүгээс үзэж байна.

 

Хууль, шүүхийн шийдвэрийг биелүүүлэх үүрэгтэй Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал, Тэргүүлэгчид, шүүхэд хариуцагчаар төлөөлөн оролцсон аймгйин Засаг дарга бөгөөд АН-ын дарга Л.Одсэр, аймгийн хууль зүйн хэлтсийн дарга П.Наранхүү нар нь удаа дараа УДШ-ийн шийдвэр ойлгомжгүй байгаа тул хэрэгжүүлэх боломжгүй гэж тайлбарладаг ба харин 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан УДШ-ын хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаан, хуралдаанд оролцсон шүүх бүрэлдэхүүний гайхлыг төрүүлж, тэдний энэ инээдэмтэй тайлбарыг эрх зүйн онол, хууль, шүүхийн практикийн үүднээс тайлбарлан үгүйсгэж УДШ-ийн 228  дугаар шийдвэрийг дахин бататгасан шийдвэр гаргасан байна.

 

Одоо УДШ-ийн шийдвэрийг биелүүлж гүйцэтгэх үүрэгтэй Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль, шүүхийн шийдвэрийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцах үүрэгтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай хариуцлага тооцохоос өөр аргагүй юм.

 

Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчид УДШ-ийн буюу шүүхийн эцсийн шийдвэрийг үл биелүүлж байгаад дургүйцэж Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдөр аргагүйн эрхэнд аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө анх удаагаа тайван цуглаан хийж хурлын дарга Д.Баянжаргалд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж биелүүлэх агуулгатай шаардлага гардуулсан байна.

 

Иргэд хуульд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хуулийн хүрээнд зохион байгуулсан Цуглаан зохион байгуулсан атал Аймгийн Засаг дарга Л.Одсэр, аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ч.Баярсайхан нар  цуглаанд оролцсон иргэдийг мөрдөн мөшгөж, Цагдаагийн байгууллагыг турхиран дарамталж байцаалт, мэдүүлэг авахаар айлган сүрдүүлж байгаа нь ардчилсан Үндсэн хууль, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт төртэй нийгэмд байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

 

Сангийн яамнаас нөхөн сонгуульд улсын төсвөөс шаардагдах хөрөнгийг нэгэнт шийдсэн ба одоо нөхөн сонгуулийг товлон зарлахад ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүйг энд онцлон дурдаж байна.

 

Одоо ганцхан УДШ-ийн эцсийн шийдвэрийн биелүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх л үлдлээ.

 

 

1 001 2 001 3 001 4 001 5 001

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>