С.Жавхлан Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дахин дуудлаа

493

С.Жавхлан Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дахин дуудлаа МУГЖ С.Жавхлан, Дэлхийн Монгол нэгдэлийнхэн төрийн гурван өндөрлөг, 76 гишүүнийг халз мэтгэлцээнд дуудсан ч гишүүд бүрэн ирээгүй гэдэг шалтгаанаар МҮОНТВ-ээс мэтгэлцээнийг цуцалсан. Тэгвэл С.Жавхлан, ДМ нэгдэл, Гал үндэстэн холбооныхон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Мөн ард түмний татварын мөнгөөр санхүүждэг МҮОНТВ-ийг олон нийтийн эрх ашигт үйлчилж чадахгүй байгаа учраас тус телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарийг огцруулахыг шаардаж байгаа гэв. Энэ талаар ДМ  нэгдлийн УЗ-ийн гишүүн Г.Одгэрэл "Ц.Оюундарийг огцруулах дөрвөн үндэслэл байгаа. МҮОНТВ олон нийтийн биш эрх мэдэлтний төлөө үйлчилж байна. Мөн тус телевизийг удирдаж байгаа Ц.Оюундарь АН-ын өндөр албан тушаалыг хашиж байсан. Одоо ч намынхаа төлөө тууштай ажиллаж байгаа нь МҮОНТВ хараат бус байх нөхцлийг бүрдүүлж өгөхгүй байна. Ц.Оюундарийг ерөнхий захирлаар томилох сонгон шалгаруулалт шударга явагдаагүй” гэсэн юм.

 

Харин  МУГЖ С.Жавхлан "Төрийн өндөрлөгүүдийг мэтгэлцээнд дуудаад ирэхгүй, олон нийтийн телевизээс цаг хүсээд өгөхгүй байгаа болохоор бид  хаана хандахаа мэдэхгүй байна. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэтгэлцээнд дуудаж байна. Бид төрийн өндөрлөгүүдээс асуух асуултаа дотор нь ангилж, чиглэл чиглэлд хуваасан байгаа. Миний утас руу аймаг орон нутаг, хилийн чанадаас өдөрт 3000 хүн нөгөө мэтгэлцээн чинь юу болов хэмээн утасдаж байна. Одоогоор надад 5000 асуулт ирсэн, ДМ нэгдэлд 6000 санал ирсэн байна. Ард түмний эрх мэдлийг илэрхийлсэн Ерөнхийлөгч нь ард түмнийхээ өмнө гарч ирж иргэдийнхээ асуултад хариулах байх. Мөн олон нийтийн телевиз нь ард түмэндээ үйлчилнэ гэж найдаж байна” гэлээ. Мэтгэлцээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэхгүй бол дараа нь УИХ-ын даргыг дуудах юм байна.


С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.