АТГ-аас Б.Ундармааг ашиг сонирхлын зөрчилтэйг тогтоожээ
Засаг, төр солигдох бүрт дагаад хөдөлгөөнд ордог хүмүүс бол төрийн өмчит компанийн захирал, агентлагийн дарга нар байдаг. Нөгөө талаар улс төрийн томилгоо ч дороосоо ашиг сонирхлын үүднээс даргын суудлын марафонд өрсөлддөг. Намдаа хэдий чинээ их хөрөнгө хаяна, төдий чинээ ашигтай албанд томилогдох жишээтэй. Шийдлийн Засгийн газар ч халаа сэлгээ, намын шинэ томилгоо явуулдаг жишгийг өнжсөнгүй. Төсөв хэмнэх зорилгоор яамдад хийгдэж байгаа 15 хувийн цомотголоор энэ үргэлжлэв. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниуд ч томилгоонд өртлөө.
Жагсаалтын эхэнд удтал эзэнгүй байсан Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын суудал байв. Одоо хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Д.Ангарыг "Бишрэлт" группийн захирал Б.Ундармаагаар солих тухай мэдээлэл түгээд байгаа. Гүйцэтгэхзахирлын суудал горилогч Б.Ундармаа нь өнгөрсөн сонгуульд МАН-аас хүч үзээд, сонгогчдын итгэлийг хүлээлгүй өвдөг шороодсон. Энэ удаад ч хөрөнгийн биржийн гүйцэтгэх захиралд нэр дэвшжээ. Гэтэл энэ томилгоо нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс дэмжлэг авч чадсангүй. Улс төрийн томилгоог үг дуугүй гүйцэтгэдэг жишгийг Хөрөнгийн биржийн ТУЗ анх удаа халлаа. Улс төрийн томилгоо буюу аль нэг улс төрийн хүчний зүтгүүлсэн хүн ТУЗ дээр унасан тохиолдлын анхных энэ болж байх. ТУЗ-өөс олонхийн санал авсан нэрээр намын даалгавар өвөртөлсөн нэг нь даргын суудалд морилдог манайд тогтсон гэхэд хилсдэхгүй. Төлөөлөн удирдах ёстой зөвлөл нь ч дүлий царайлдаг.
Энэ
удаад ч улс төрийн хоёр том хүчин эвслийн засгийн газар байгуулсны
хүчинд АН-ын генсек байсан хүн нэг л өглөө төв телевизийн захирал
болчихсон тохиолдол үүнийг гэрчилнэ. Гэхдээ хөрөнгийн бирж бол яам,
агентлагаас өөр онцлогтой. Үйл ажиллагааны зорилго нь санхүүгийн зах
зээл дэх хөрөнгийг зуучлах үүрэг бүхий үнэт цаасны сонгодог зах зээлийг
бий болгон төлөвшүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь
нэмэр оруулахад оршдог. Гэтэл арилжааны салбарт ашиг сонирхлын зөрчил
орсон тохиолдолд хэн нэгэнд давуу эрх олгох эрсдэлтэй юм.
Б.Ундармаагийн
томилгоо ч дээрх томилгооны нэг хэсэг байв. Түүний Хөрөнгийн биржийн
босгыг давж чадаагүй шалтгааныг тодруулъя. Тус биржийн Төлөөлөн удирдах
зөвлөлийн энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар захирлыг томилох асуудлыг
хэлэлцжээ. Хурлаар Б.Ундармааг үндэслэлээр түтгэлзүүлжээ.
Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нямаа "Монголын хөрөнгийн биржийн захирлаар Б.Ундармааг томилох асуудал яриа төдий зүйл. ТУЗ-өөс албан ёсоор томилоогүй" гэв. Мөн түүнийг ашигсонирхлынзөрчилтэйг ТУЗ тогтоодоггүй. Авлигатай тэмцэх газраас тогтоосон албан бичиг ирүүлсэн болохыг тэрбээр хэллээ. Түүний нэр дээр "Капитал" банк, "Капитал Маркет корпорац" брокер, дилерийн компани байдаг учир ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. Түүнчлэн, Монголын хөрөнгийн биржийн эх сурвалж "Д.Ангар дарга ажлаа хийж байгаа" хэмээн баталсан юм. Ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг энэ албанд томилох нь компанийн засаглал алдагдах эрсдэлтэй юм. Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудыг алдагдалтай ажиллах болсон талаар олон тайланд дурдах болсон. Зөвхөн өнгөрсөн онд төрийн өмчит 82 компанийн ихэнх нь алдагдалтай ажилласан гэх тоо баримт төрийн мэдлийн компаниудыг тодотгож байна.
Тиймээс ашигтай ажиллах компанийн засаглал нь ядаж л ТУЗ-дөө, гүйцэтгэх захиралдаа эрх ашгийн зөрчилгүй хүнийг томилсноор эхэлдэг. Бусад төрийн өмчийн компанийн энэ мэт зөрчилтэй ашиг сонирхлын зөрчилтэй томилгоог ТУЗ-өөс нь хориг тавьдаг бол улсын алдагдал олон тэрбумаар тоологдохгүй биз.
Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдэх асуудал байдаг. Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэгч Сангийн яамнаас тус биржийн гүйцэтгэх удирдлагын томилгооны талаархи саналыг хүргүүлжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байна. Монголын Хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компани сүүлийн гурван жилд алдагдал хүлээсэн ч өнгөрсөн сард ашигтай ажиллажээ. Энэ хугацаанд бирж нийт 21 удаа үнэт цаасны арилжаа зохион байгуулж, 33.5 тэрбум төгрөгийн хувьцаа борлуулсан байна. Өдрийн дундаж арилжаа 1.6 тэрбум төгрөгт хүрснээр нийт 126.8 сая төгрөгийн орлого олжээ. Үүнээс 77.5 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гарч 49.3 сая төгрөгийн ашигтай ажилласнаа мэдээлсэн.
Тиймээс тус компанийн ТУЗ-өөс одоогийн үйл ажиллагааг хадгалахыг эрмэлзэж байгаа бололтой. Иймэрхүү маягаар ашигтай ажиллаж байгаа биржийн үйл ажиллагаа тогтвортой байхад удирдлага гол үүрэгтэй. Энэ чухал албан тушаалтны томилгоонд улс төрийн намуудын эрх ашиг, улстөрчдийн сонирхол нөлөөлөх нь арилжааны салбарын итгэлцлийг эвдэх нь гарцаагүй.
Д.Мягмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/