УБИС-ийн захирлын машиныг албадан хураалаа
Эрх бүхий байгууллагын хүргүүлсэн шийдвэрийг биелүүлэхгүй, төрийн байгууллага дуудахад биечлэн ирэхгүй 2 сар болсон тул өнгөрсөн баасан гарагт Төрийн өмчийн хорооноос Замын цагдаагийн газарт мэдэгдсэний үндсэн дээр 9551 УБА улсын дугаартай тус автомашиныг албадан хураан авчээ.
Төрийн өмчийн хороо, Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд ажлаа гүйцэтгэх явцад захирал Д.Мөнхжаргал өөрөө байгаагүй төдийгүй удирдлага доорхи ажилтнууд нь сургуулийнхаа гражийн үүдэнд машинуудаа байрлуулчихаад зам чөлөөлж өгөхгүй байх, машиныг гаргахгүй, өгөхгүй зэргээр үйл ажиллагаанд саад учруулсан байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлагыг үүрэг болгоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагуудаас 57 автомашиныг хураан аваад байгаа аж.