"МОНОС "-Т ИТГЭХ АРГАГҮЙ БОЛЛОО
Одоогоос найм хүрэхгүй сарын өмнө 16 нярай Фено-барбитал хэмээх эмэнд
хордож Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байлаа.
Шалтгаан нь эмчийн бичиж өгсөн Фенобарбитал эмийг хүүхдийн тунгаар олгох
байтал "Монос-Эх нялхас" эмийн сангийн эмзүйч том хүний тунгаар бичиж
өгсөнтэй холбоотой байдаг. Ямар сайндаа тархины цусан хангамжийг
сайжруулах үйлчилгээтэй дээрх эмийг том хүний тунгаар олгосноос хоёр
нярай Дотрын тасгийн сэхээ болон мэдрэлийн тасгийн сэхээнд хэвтэж эцэг,
эхээ сандаргаж байх вэ дээ. Гэтэл энэхүү хэрэг хуучраагүй байхад
"Монос"-ынхон дахин асуудал үүсгэв. Энэ удаад Ланадексон, Ланасорбид
гэсэн хоёр эмийг сольж өгснөөс найман хүүхэд хордлогод оржээ. Азаар эмч
нар шаардлагатай арга хэмжээг шуурхай авсны хүчинд хордлого хүндрэхээс
сэргийлж чадсан байна.
ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагийн хэлснээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд Ланадексон эмийг хэрэглэх тун бичиж өгчээ.
Уг эмийг "Монос"-оос гэрээгээр нийлүүлдэг аж. Гэтэл "Монос"-ынхон ЭХЭМҮТ-д Ланадексон бус Ланасорбид эмийг нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хүүхдэд хоногт дунджаар 0.0833-0,333 мг/кг-аар хоолны өмнө сүүгээр даруулж уулгадаг эмийн оронд зүрхний өвчинд уудаг Ланасорбидийг өгсөн нь энэ. Ланадексоныг харшил хөдлөх, амьсгалын замын болон арьс, цусны өвчний үед хүүхдэд маш бага тунгаар уулгадаг юм байна. Харин Ланасорбидийг зүрхний архаг дутмагшлын үед 10-20 мг-аар өдөрт 3-4 удаа бусад эмтэй хавсран хэрэглэдэг аж. Гэтэл харшил, ханиад томуугийн үед хэрэглэх зориулалттай эмийн оронд зүрхний өвчний эсрэг үйлчилгээтэй эм уусан хүүхдүүдэд тэр даруйдаа шинж тэмдэг илэрч эхэлснийг эмч нар нягталж үзэхэд Ланасорбид уулгасан байжээ.
Тиймээс хордлого хүндрэхээс урьтаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Одоогоор нэг хүүхэд эмнэлгээс гарсан, хоёр хүүхдийн биеийн байдал нь сайжирсан байна. Харин үлдсэн таван хүүхэд үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж. Энэ асуудал үүссэний дараа "Монос" компаниас хүмүүс ирж эмнэлгийн удирдлагууд болон эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж уучлал гуйн, дахиж ийм асуудал үүсэхгүй гэдгийг илэрхийлжээ. Гэхдээ уучлал гуйлаа гээд асуудлыг шийдчихгүй. Хэрвээ эмч сувилагч нар анзааралгүй Ланадексон биш Ланасорбидийг үргэлжлүүлэн хийснээс үүдэлтэйгээр хүүхдүүд хордлогод орж тэр нь хүндэрсэн бол яах вэ. Үүнээс шалтгаалж хүүхдийн амь эрсэдсэн бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Бид андуураад өгчихлөө гэж байгаа "Монос"-ынхон уу. Эсвэл анзааралгүй хийсэн эмч нар хариуцлага хүлээх үү. Нэг удаа алдаж болно. Гэхдээ хоёр дахиа гаргаж болохгүй. Тэгээд ч эм бол талх биш.
Хэтрүүлэн хэрэглэхээс эхлүүлээд хольж сольж уувал хүнийг эмчлэх бус хор болж үхэлд хүргэх аюултай тийм л бүтээгдэхүүн. Хүүхдээ өвдөхөд эмчийн бичсэн жороор эмийн сан бараадаж байгаа эцэг, эхчүүдийг буруутгаж боломгүй. Гагцхүү хүн амын эрүүл мэндийн төлөөх үйлсэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа дотоодын томоохон компани жил хүрэхгүйн хугацаанд хоёр ч удаа алдаа гаргалаа. Үүнээс үүдэлтэйгээр иргэд олон нийт "Монос"-т итгэх аргагүй болж байна.
С.Гандөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/