М.Мөнхжаргал: Бид З.Энхболдоос гурван зүйл шаардсан

1254

М.Мөнхжаргал: Бид З.Энхболдоос гурван зүйл шаардсан"АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболд намынхаа дүрмийг зөрчиж байна" гэж хэсэг гишүүн нь өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд юуны өмнө З.Энхболд УИХ-д нэр дэвшигчдийг өөрийн дураар тодруулж буйг шүүмжлэв. Иймээс энэхүү бүдүүлэг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохын зэрэгцээ ҮЗХ-г энэ сард, Их хурлыг ирэх сард багтааж хуралдуулах шаардлагыг АН-ын даргад хүргүүлжээ.

Энэ талаар хэвлэлийн бага хуралд АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, дунд шатны намын хорооны гишүүн М.Мөнхжаргал нар оролцлоо. Тэднээс дараахь тодруулгыг авав.

 

-Намын даргадаа яагаад шаардлага хүргүүлэх болов?
-Хэд хэдэн шалтгаантай. Нэгд АН жил бүрийн гурав, есдүгээр сард ҮЗХ, дунд шатны намын хороогоо хуралдуулдаг. Гэвч энэ гуравдугаар сард ҮЗХ-ны хурал болсонгүй. Нэгдүгээр сард нөхөн сонгогдсон ҮЗХ-ны 46 гишүүнийг одоог хүртэл батлаагүй байна. Түүнчлэн намын их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэж, сонгох ёстой ч одоо болтол хуралдсангүй. Энэ нь АН-ын үндсэн дүрэм, журмын заалтууд хэрэгжихгүй байна гэсэн үг. Тэр ч бүү хэл АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболд хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл гаргалаа. Өнгөрсөн 26, 27-ны өдөр ҮЗХ-ны гишүүдийг Төрийн ордонд дуудаж, 2016 оны УИХ-ын сонгуульд тойргуудаас нэр дэвших гишүүдийг дур мэдэн сонгосон. Энэ нь ардчиллын үнэт зүйл болох хүний эрхийг уландаа гишгэсэн бүдүүлэг үйлдэл.

 

-Тэгээд З.Энхболд даргаас юуг шаардаж байгаа юм бэ?
-ҮЗХ-ны ээлжит хурлыг энэ сард багтаан хуралдуулж шинээр сонгогдсон гишүүдээ батлах, генсекийн үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх асуудлыг хэлэлцье гэж байгаа юм. Мөн АН-ын ээлжит бус Их хурлыг тавдугаар сард багтаан хуралдуулж, энэ хурлаар АН-ын даргыг албан ёсоор сонгон батлахыг шаардаж байгаа. Энэ хурлаар намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх ёстой. Бидний гурав дахь шаардлага бол УИХ-д нэр дэвшигчийг тодруулах бүдүүдэг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, энэ үйлдлээ намын гишүүдэд тайлбарлахыг З.Энхболдоос шаардаж байна.



Л.БАЯРБОЛД  /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>