Гамшигт нэрвэгдсэн иргэддээ нутгийн зөвлөл нь туслалаа гэж сонссон уу?
Өнөө жил олон сум 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тэр бүх ойн баяр наадмын хойморт нутгийн зөвлөлийн дарга нар нь занхайн сууж бөхөө машин, морио мотоциклоор мялаан сайрхах нийтлэг төрхийг хүмүүс андахгүй болжээ. Нутгийн зөвлөл гэж байгууллага нь сайн дурын үндсэн дээр байгуулагддаг төрийн бус байгууллага. Бараг бүх аймаг нутгийн зөвлөлтэй, түүнийг нь аль нэг УИХ-ын гишүүн, сайд, эсвэл томоохон компаний захирал толгойлж байдаг.
Харин энэ олон нутгийн зөвлөлүүд нутгаасаа бөх морь түрүүлэхэд хамгийн түрүүнд далбагнаж хэдэн зуун саяар байлж шагнаж сайрхах атлаа энгийн ард иргэд нь ядарч туйлдахад тусламжийн гараа сунгалаа гэж лав сонсогдоогүй. Нутгийн зөвлөлүүд хүнээ биш, малаа тэтгэсэн олонхио биш ганц бөхөө дэмжсэн байдлаар л ажиллаж байна.
Нутгийн зөвлөлдөө орно гэдэг тухайн хүний улстөр бизнесийн карьерт нутгийнх нь сайчуулын дэмжлэг асар их ирдэг ашиг хожоотой алба болсон. Харин нутгийнхаа дэмжлэгийг авсан улстөрч, бизнесмэнүүд энгийн ард иргэдээ дэмжихээс илүүтэй өөрт нь хэрэгтэй, нэр хүндэд нь хачиртай бөх морины хойноос л хөлрөн хөөцөлдөх нь шоглоомтой. Эрдэм шинжилгээний бүтээл туурвил, оюуны спортыг дэмжиж санхүүжүүлж байгаа нутгийн зөвлөл гэж огт сонсогдоогүй. Харин бөхчүүдийнхээ галыг эргэж, хэдэн зуун саяар л цацдаг нутгийн зөвлөлүүдийг бид мэднэ.