Увс аймагт байдал хүндэрлээ

1261
Увс аймагт байдал хүндэрлээЭнэ сарын 1-ээс эхлэн орж буй их цас, хүчтэй шуурганаас улбаалан Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Наранбулаг, Тариалан сумд болон Малчин сумын Увс нуурын талд байгаа айлууд, Улаангом сумын хөдөөгийн багт байдал хүндэрч эхэллээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын комисс өчигдөр хуралдаж, яаралтай арга хэмжээг авч эхэллээ. Цас их орсноос үүдэн мал бэлчээрт гарах боломжгүй болоод хоёр хонож байгаа аж. Иймээс эхний ээлжинд нүүдлийн айлуудад түлээ нүүрс, өвс тэжээл хүргэх ажлын хэсгийг хоёр тал руу гаргаад байна. Наранбулаг сумын чиглэлд буюу Сэртгэр, Сүүж тийш нь, мөн Тариалангийн урд талаар Шар бүрдийн хөдөө, Хөх морьт, Морьт зэрэг газар луу нэг ажлын хэсэг гарсан бол нөгөө нь Увс нуурын хөвөө, Малчин сумын хөдөө тийш нь нүүдлийн айлуудад өвс тэжээл, түлээ нүүрс хүргэхээр гарчээ.
   Энэ цаснаар орон нутгийн чанартай зам даваа хаагдсан байна. Улаан даваан чиглэлд зам гаргах ажлыг авто зам засвар, арчлалын "АЗЗА” компани хариуцан ажиллаж байгаа бол аймгийн Онцгой байдлын хэлтсээс Наранбулагийн чиглэлд буюу Сүүж, Сэртгэр, Шар бүрдийн зам гаргахаар явсан байна.
   Мөн аймгийн Засаг даргын захирамжаар цаг үе, нөхцөл байдалтай холбогдуулан хөдөө орон нутаг, хот хооронд зорчиж байгаа автомашин техник хэрэгслийг аймгийн төвөөс гаргахгүй байх хязгаарлалтын түр дэглэм тогтоогоод байна.

Гурван суманд мал цасанд боогдоод байна

Сүүлийн гурван өдөр дараалан Увс аймагт их хэмжээний цас орж, шуурсаны улмаас нүүдлийн замд яваа малчид ихээхэн хүндэрч байна.
Наранбулаг сумын 700 гаруй айл өрхийн 200 мянга гаруй толгой мал, Өмнөговь сумын 60 гаруй өрхийн мал /одоогоор малын тоо нь тодорхойгүй байна/ цасанд боогдсон, мал бэлчээрт гарах боломжгүй боллоо гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын хэлтэст ирүүлсэн байна.
   Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тухайн сумдын ЗДТГ-аас шуурхай арга хэмжээ авч, сумын Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсгийнхэнгазар дээр нь очиж ажиллаж байгаа гэнэ.
   Үүнээс гадна Тариалан суманд мал уруудсан, түүний араас явсан хүн алга болсон гэсэн мэдээлэл ирсэн байна. Тариалан сумаас 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 4 автомашинтай эрлийн баг гараад газар дээр нь ажиллаж байгаамэдээтэй.
Мөн Наранбулаг сумаас Малчны хөдөөд уруудсан1600 гаруй толгой малтайгаа хамт хоёр хүн алга болсон гэсэн мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсээс хүмүүс явсан байна. Тэрчлэн Бөхмөрөн суманд айлын мал цасанд дарагдсан гэсэн мэдээлэл байна.
   "Одоогоор аймгийн хэмжээнд дөрвөн чиглэлд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дараагийн ээлжийнхэн түлээ нүүрс, өвс тэжээл, хоол унд бэлтгээд удахгүй гарна. Нөхцөл байдал хүндэрсэн сумдад манайхаас гадна авто зам засвар, арчлалын "АЗЗА” компани, Хилийн цэргийн 0245-р анги, Цагдаагийн газраас автомашин дайчлаад ажиллаж байна” гэсэн мэдээллийг Онцгой байдлын хэлтсээс манайд өглөө.

Нүүдлийн малчид малын хашаагүй, задгай тал дээр байгаа тул ихээхэн зутарч, сүүлийн хоёр өдөр малаа бэлчээрлэж чадаагүй байна.

Увс аймаг Б.Батхүү



Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>