Зөрчилтэй барилгуудад арга хэмжээ авч байна

Түүнчлэн зөрчилтэй, зөрчлөө арилгаагүй, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлдэггүй, хэрэгжилтийг хангуулж ажилладаггүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоогоод байна. Тухайлбал, СБД-ийн нэгдүгээр хороонд "Глобал хурд” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 12 давхар оффис, үйлчилгээний зориулалт бүхий барилга магадлал хийлгээгүй зураг төсөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, бетон цутгалтын ажил гүйцэтгэхдээ хоногийн дундаж 5 хэмээс бага үед цутгасан бөгөөд бат бэх нь тодорхойгүй, лабораториор баталгаажуулаагүй, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байсан зэрэг зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчилд арга хэмжээ авч, барилгын ажлыг зогсоосон хэдий ч захиалагчийн зүгээс гүйцэтгэгч компаниа сольж, зөвшөөрөлгүйгээр дахин барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Иймд барилгын ажлыг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоон лацадлаа. Мөн ХУД-ийн нутаг дэвсгэр, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд буланд барилгын зураг, зөвшөөрөлгүйгээр баригдаж байсан иргэн Л.Баяндалайн барилгын ажлыг зогсоож лацадсан юм. Өмнө нь албан шаардлага хүргүүлж байсан ч шөнийн цагаар барилгын ажил явагдаж байгаа талаар иргэд, орон сууцны СӨХ-оос НМХГ-т гомдол иржээ.
Цаашид хууль, дүрэм журам зөрчдөг, зөрчлөө арилгадаггүй, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлдэггүй, ажиллагсад, иргэдэд эрсдэл учруулж болзошгүй компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл арга хэмжээг авах юм.