Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл зөвшөөрөлгүй

810

Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл зөвшөөрөлгүй А.Мягмаржав: Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл зөвшөөрөлгүй

 
 
С.УЯНГА

Төрийн ордонтой айлссан нэгэн барилгын тухай бид өмнө нь мэдээлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэх 17 давхар барилга хэд хэдэн хууль дүрэм зөрчин босч байгаа билээ. Тус барилгыг барихдаа газар хөдлөлтөд тэсвэргүй, улсын онцгой  обьектоос хэдхэн метрийн зайд барьсан гээд цөөнгүй хууль, дүрэм зөрчсөн байдаг.

Энэ байшин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн газар дээр баригдаж байгаа. Тус сургуулийн удирдлагууд хөрш "Пума” зочид буудлын захирал Н.Нацагдорж нар тохиролцон энэ барилгыг барьж байгаа гэнэ. Гэвч Мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөлгүй барилга гэдгийг хэлж байгаа юм.

Анх 2010 оны зургадугаар сард Улаанбаатар хотын ерөнхий архитектурын баталсан архитектур-төлөвлөлтийн даалгаварт 1-7 давхар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн спорт заал, сургалтын барилга гэж оржээ.

Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл нэрээр халхавч хийн энэ барилгын зориулалтыг өөр болгоод байгаа юм биш биз дээ гэсэн хардлага байна. Энэ17 давхар барилгын цонхнуудыг харахад л зочид, буудал үйлчилгээний зориулалттай юм байна гэдгийг төвөггүй мэдэж болно. Хичээлийн байр, спорт заалны шинж энд огт алга.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхлэн гурван ч удаа зогсоох шийдвэр гаргасан ч барилга өдөр ирэх тусам сүндэрлэсээр байгаа юм. Мэргэжлийн хяналтынханд  дурдсан  сургуулийн спорт заал, сургалтын барилгыг 1-7 давхар байхаар шийдвэрлэсэн ч  одоо хоёр блок 15-17 давхар барилга баригдаж байгаа нь..., Өргөтгөлийн барилгын эх зургийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй.., Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх заалтыг зөрчсөн... гээд барилгын ажлыг зогсоох зэрэг хяналт шалгалтын хэд  хэдэн хуудас баримт  байна.  Мөн мэргэжлийн байгууллагаас гаргасан торгуулийг төлөхгүй шүүхээр заргалддаг, барилгын ажлыг зогсоох акт бичээд аргаа барсандаа цахилгааныг нь таслахад дэд өртөө байгуулаад барилгаа барьдаг гэж байна.

Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржавтай уулзаж зарим асуудлыг тодрууллаа. Тэрээр Хүмүүнлэгийн сургуулийн өргөтгөл гэх энэ барилгад шалгалт хийж байсан юм.

 

А.Мягмаржав:

АНХ ДОЛООН ДАВХАР ГЭЖ ЭСКИЗ ГАРГАСАН Ч СҮҮЛДЭЭ 16 ДАВХАР БОЛСОН

 

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилгад танай байгууллагаас шалгалт явуулсан гэсэн. Ямар зөрчил илрэв?

-Шинэ барилга байгууламжийг шалгах удирдамжийн хүрээнд Хүмүүнлэгийн ухааны  их сургуулийн өргөтгөл гэдэг нэртэй барилгыг шалгасан. Энэ барилга нь анх 1-7 давхар байхаар эскиз нь гарсан ч сүүлдээ олон давхартай  болчихсон. Мөн одоо болтол энэ барилгын эскиз батлагдаагүй, ажлын зураг төсөл магадлалаар ороогүй учраас зөвшөөрөлгүй гэсэн үг. Түүнээс гадна анх зураг гаргасан зохиогчийн  шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучилтад  төмөр гагнаад, тоосгоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм шийдэл ерөөсөө байдаггүй.

-Анх өнгөрсөн жил шалгасан гэсэн. Түүнээс хойш зөрчлийг арилгуулахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?

-Өнгөрсөн жил намайг шалгахад угсралтын ажил дуусаад заслын ажил явж байсан. Мөн барилгыг шалгахад хяналтын хүн томилсон тушаал шийдвэр байгаагүй. Шалгалт хийхэд Хүмүүнлэгийн сургуулиас хүн ирдэггүй. Би өөрөө араас нь хэл ам болж байж, нэг хүнд актыг хүлээлгэж өгсөн. Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шинжилгээгээр тогтоолго, зураг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир гэсэн шаардлага өгч "Пума” компани, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хоёуланд нь 2.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тэгэхэд Хүмүүнлэгийн ухааны их сургууль торгуулиа төлөөгүй. Тиймээс  шүүхэд хандаж байж торгуулийг төлүүлсэн. Барилгын ажлыг зогсоохгүй байхаар нь цахилгааныг нь тасалсан ч цахилгааны дэд өртөө барьж ашиглалтад оруулаад барилгаа үргэлжлүүлсэн. Иймэрхүү байдалтай, хэл амаа ололцохгүй л явж байна даа гэв.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ийн ярьж байна. Үндсэндээ зөвшөөрөлгүй барилга Төрийн ордны үүдэнд баригдаж байгаа юм байна. Улсын байцаагчийг үл тоосон, хуулийг гууль болгосон  энэ барилгын эзэн хэн бэ гэдэг асуулт дахин гарч ирнэ. "Пума” зочид буудал бол ойлгомжтой. Н.Нацагдорж гэдэг эрхэм бий. Бизнесмэн хүн бизнесээ л бодно. Спорт заал, сургалтын барилга зочид буудал болчихвол түүнийг буруутгах арга байхгүй. Харин түүнтэй гэрээ хийж өргөтгөл бариулан улмаар өргөтгөлөө хувааж эзэмшихээр тохирсон эрхэм хэн бэ? Учир нь тус сургуулийг хэдэн жилийн өмнө хувьчилсан байдаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>