Ирээдүйн иргэдээ хэвлийд нь хорт цацрагаар шарсаар байх уу
Захидлын агуулга нь жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад орохын тулд цээжний флюр зураг буюу рентгенд заавал харуулдгийг болиулж өгөхийг шаарджээ. "Энэ зургийг авахдаа ядаж хэвлийн хамгаалалт ч зүүлгэхгүй юм. Хүүхэд эхийнхээ хэвлийд дөнгөж бүрэлдмэгцээ л цацрагийн хордлогод өртөж байна.
Дотор эрхтэний (уушиг) зураг авч байгаа болохоор цацрагийнх нь тун маш их байдаг. Цуллаг эрхтэний зураг авахад хэрэглэдэг зөөлөн цацраг туяа биеэр нэвт гардаггүй, нэлээдгүй хувь нь шингэж үлддэг. Ялангуяа, урган төлжиж буй нялх "амьтан” ямар их гэмтэл авдаг гэж бодно. Үүнийг наад захын эмч, сувилагч нар мэддэг.
Хөгжилтэй орнуудад жирэмсэн эмэгтэйчүүдийг цацраг туяагаар оношилж, эмчлэхийг хориглодог. Гэтэл Монголд жирэмсэн эхчүүдийг энэ үзлэгт хавтгайруулан заавал хамруулдаг дүрэмтэй. Бүр хоёр удаа шүү. Ингэж бүхэл бүтэн амийг хэвлийд бүрэлдмэгц хорт цацрагаар шарах ямар гээчийн аймшгийн туршилт вэ.
Үүнийгээ яаралтай өөрчилж, жирэмсэн үед авахуулдаг рентген зургийг болиулж өгнө үү. Энэ улсын ирээдүйд аюул учирч байна” хэмээн эхний захидалдаа уламжилжээ. Үнэндээ энэ талаарх мэдээллийг сонсохоосоо өмнө үүнийг бичигч миний бие жирэмсний үед авахуулдаг рентгенийг хортой, эсэхийг нь ч таамаглаагүй. Тэр зургийг нь бусдын л адил авахуулж, хяналтад орсон жирийн нэгэн ээж.
Фэйсбүүк цахим хуудаст "Жирэмсний үед авахуулдаг рентген зургийг хориглоё” гэсэн групп нээжээ.
Дүүргийн эмч надад хэвлийн хамгаалалт зүүлгээгүй, дотуур цамцтайгаа рентген зураг авахуулахыг шаардсан. Би ч нэг их юм бодолгүй түүнийг зөвшөөрсөн нь тухайн үедээ энэ талаарх мэдлэг, ойлголтгүй явсных биз ээ. Гэтэл Германд бүтэн жилийн турш цацраг туяаны зөвшөөрөх дээд тун нэг хүн тутамд 30 мРем байдаг.
Харин манайд жирэмсэн эмэгтэй болгон зөвхөн уушгины зураг авахуулахад л 2000-3000 мРем цацраг биедээ шингээж буйг юу гэж ойлгох билээ. Рентген туяа нь хорт хавдрын идэвхтэй үүсгэгч аж. Үүнээс гадна генетикт ноцтой гэмтэл учруулдаг юм байна. Энэ бүхний хор уршгийг Н.Удвал сайд мэддэг болов уу. Магадгүй мэддэггүйдээ өдгөө хэрэгжүүлж буй тогтоол шийдвэрээ буцаахгүй байгаа бололтой. Эсвэл эмч, мэргэжилтнүүд нь сүрьеэг рентген зураггүйгээр оношилчих хэмжээний мэдлэгтэй биш аж. Тиймгүйсэн бол эмч нар жирэмсний үед энэ зургийг хоёр ч удаа авахуулахыг шаардахгүй байсансан.
Би, чи, та, бид бүгдээрээ сүрьеэг илрүүлдэг "шидтэй” тэрхүү цацраг туяанд шаруулж төрсөн. Таны хүүхдүүд ч ялгаагүй. Энэ бүгдийг одоо л хазаарлаж, хязгаарлахгүй бол ирээдүйд төрөх бяцхан үрс, тэдний үр удам генийн өөрчлөлттэй төрөхийг үгүйсгэхгүй.
Өдгөө манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгаанаар хавдар тодорч буй нь нэгийг хэлээд байгаа хэрэг бус уу. Жилдээ 4500 орчим хүн хавдраар өвчилж буй. Ганцхан жилийн дотор ийм олон хүн хавдартай байгаагийн үндэс нь энэ флюр зурагтай холбоотой ч байж мэднэ. Жирэмсэн эхчүүдийг хүүхэдтэй нь хамт хордуулж, албадан рентгенд оруулж байгааг болих хэрэгтэй. Албадан гэдэг нь энэ зургийг авахуулахгүй бол эхчүүдийг хяналтад оруулахгүй, цаашлаад улсаас жирэмсэн эхчүүдэд үзүүлдэг янз бүрийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж чадахгүйд хүргэдэг. Тиймээс ээжүүд яалт ч үгүй хорт цацрагт шаруулж буй хэрэг. Рентген нь жирэмсэн эх болон урагт хэрхэн хор нөлөө учруулдгийг эрдэмтдийн хийсэн судалгаанаас батлах гээд оролдъё.
Сүрьеэ өвчнийг рентген зураг харахаас өөрөөр оношлох боломжгүй гэвэл том эндүүрэл. Энэ өвчнийг илрүүлэх аргуудыг шууд ба шууд бус гэж хуваана. Шууд нь сүрьеэгийн нянг илрүүлдэг бол шууд бус нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлдэг байна. Шууд аргад түрхэцийн, эд эсийн, өсгөвөрлөх, молекул, биологийн шинжилгээ багтдаг аж.
Харин шууд бус нь рентген шинжилгээ, туберкулины сорил, иммунологийн арга гэх мэт ордог байна. Эдгээрээс хамгийн хялбар, хурдан, хямд зардал шаарддаг нь түрхэцийн шинжилгээ. Энэ нь өвчтөний сорьц (цэр, идээ нугасны ус, плеврийн шингэн, шээс)-оос түрхэц бэлтгээд микроскопын тусламжтай сүрьеэгийн нянг илрүүлдэг юм байна. Ийм энгийн арга байхад яагаад заавал хорт цацрагаар оношлохыг илүүд үзэх болов. Н.Удвал сайд аа. Эсвэл эмч нар цэр, нустай зууралдаж суухаас түвэгшээсэн хэрэг үү.
Иргэн Г.Ариунаа "Рентген нь ургийн гаж хөгжил, цуллаг эрхтэний болон цусны хорт хавдар, удамшлаар дамжих төрөл бүрийн өвчний эх үүсвэр болдог. Та сайн мэдэж байгаа бололтой. Тэгээгүйсэн бол миний танд бичсэн өмнөх хоёр захидалд ямар нэгэн тайлбар хийх байсан. Эхчүүдийг рентген зураг авахуулахыг хориглоогүй.
Хүн амын эрүүл мэндийг нийтээр нь хохироосон энэ ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлсээр л байна. Ирээдүйн хүн амын эрүүл мэнд доройтож, ургийн гаж хөгжилтэй олон мянган хүүхэд төрөх боллоо. Хавдар, удамшлаар дамжих төрөл бүрийн өвчин энэ улсыг нөмрөх цагт хохирлыг нь яаж төлөх гэж байна. Энэ гай гамшигт улс даяар өртөж, эрүүл хүнг үй, эцэстээ монгол түмэн устах вий” хэмээн Н.Удвал сайдад хаягласан гурав дахь захидалдаа түүнийг хатуухан шүүмжилжээ.
Өнгөрсөн зуунаас рентген туяаг өргөн хэрэглэдэг болсноос хойш нэлээд хугацааны дараа эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт цацрагийнх нь хорын хамаарлыг олж тогтоосон байдаг. Дэлхий даяар цацрагаас хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж байхад Монголд л үүнийг үл тоомсорлож, тэр ч байтугай жирэмсэн эмэгтэйчүүдийг хоморголон, "туршлага” судлахаар шийдэлд хүрсэн бололтой.
Цацрагийн хор уршиг тэр дороо илэрдэггүй. Тиймээс одоохондоо үүнийг баталчих баттай нотолгоо алга. Гэсэн ч ээжүүд үүний эсрэг тэмцэж эхэллээ. Фэйсбүүк цахим хуудаст "Жирэмсний үед авахуулдаг рентген зургийг хориглоё” гэсэн групп нээжээ. Тэд санал нэгтэйгээр түүнээс татгалзахыг уриалж байна. Заримынх нь сэтгэгдлээс сонирхуулъя.
Золжаргал Дэлэгпунцаг: Хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхаарлыг хандуулах цаг болжээ. Долоо хоногийн өмнө яг энэ асуудлаар өрхийн эмчээсээ зөвлөгөө авсан. "Харин тийм ээ. Рентген зураг авахуулахад хортой, гэхдээ сайдын тушаал байдаг тул яах ч аргагүй” гэсэн.
Авираа номгон: Энэ үнэн юм уу. АНУ-д зөвхөн шүдний зураг авахуулахад л цээжээр битүү хамгаалалтын нөмрөг өмсүүлдэг. Жирэмсэн хүнд ямар ч рентген туяагаар шинжилгээ хийдэггүй.
Ундармаа Санж: 2006 онд жирэмсэн болоод энэ зургийг авахуулж байсан. Ямар хор уршигтайг нь ч мэдээгүй шүү дээ. Мэдсэн бол гүрийгээд, авахуулдаггүй байж.
Энхзул Арьяа: Заавал тэр рентген зургийг авахуул гэхээр нь хоргүй л гэж бодсон. Эмч надад ямар ч хамгаалалтын нөмрөг, хувцас өмсүүлээгүй. Ер нь сүрьеэтэй хүн харваас илт. Заавал хоёр удаа рентгенд оруулах хэрэг байсан уу. Ард иргэдээ үндсээр нь устгах санаа юм биш үү.
Сантаа Цогтсайхан: Ёстой дэмжиж байна. Тэр зургийг нь авахуулахгүй бол хяналтад авдаггүй. Ийм байж болохгүй. Үргэлж боож хаана. Өндөр хөгжилтэй орнуудад жирэмсэн байтугай хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хүнд ч зарим зүйлийг хориглодог.
Чимгээ Ганхуяг: Ийм болоод л ураг гажигтай, саажилттай төрөөд байгаа юм шүү дээ. Сүүлийн үед эрүүл хүүхэд төрөхөө больж байна. Энэ мэтийн хариуцлагагүй үйлдлээс болсон хэрэг. Эмч нар мэдсээр байж ингэж тулган шаардах хэрэггүй.
Ээгий Баярсайхан: Тийм шүү. Дэлхий нийтэд үүнийг хориглосон атал Монголд л сүрьеэг рентгенээс өөр аргаар оношилж чадахгүй байна. Ёстой л моод Монголоор дуусна гэж энэ байх даа... хэмээн олон мянган ээж дуу хоолойгоо нэгтгэжээ. Түүгээр ч барахгүй ээжүүд гарын үсэг цуглуулж, эсэргүүцлийн бичиг салбарын яаманд өгөхөөр зэхэж байна. Зарим нь гадаадад байдаг танил талаараа дамжуулан энэ талаар судалгаа хийдэг эрдэмтэдтэй холбогдож, зөвлөгөө авч байгаа гэнэ.
Д.Гончигсүрэн докторын "Анагаах ухаанд хэрэглэж буй цацрагууд, цацрагийн биологийн үйлчилгээ ба түүнд тавих хяналт” судалгааны өгүүлэлд энэ талаар зарим зүйлийг дурджээ.
Жирийн нэгэн өрхийн эмч рентген зураг хортой гэдгийг нь мэдэж байхад бүхэл бүтэн салбарын яамны сайд ийм юм ярьж суугаа нь ёсонд хэр нийцэх юм бол.
-Манай орны анагаах ухааны салбарт рентген цацрагийг 1934, цацраг идэвхт изотопыг 1955 оноос эмчилгээ, оношилгоонд нэвтрүүлсэн. Одоо манай улсад рентген оношилгооны 160 гаруй тасаг, компьютер томографийн аппарат, Гамма камер, Сингл потон эмиссийн компьютерт томографи, Гамма туяа эмчилгээний болон Ангиографийн кабинет ажиллаж байна.
Улсын хэмжээнд жилд 500 мянга гаруй хүнд рентген, флюрографийн болон изотопын төрөл бүрийн шинжилгээ, 11000 иргэн компьютер томографийн оношилгоо, олон зуун хүн туяа эмчилгээ хийлгэж байна. Цацраг туяаны ирээдүйд гарах сөрөг үр дагавар нь удмын генийн бүтцэд өөрчлөлт оруулж, төрөлхийн гажиг, гэмтэл үүсгэх явдал юм.
Цацрагаас хамгаалах олон улсын комиссын мэдээгээр эхийн хэвлийд бүрэлдэж буй 1-3 сартай урагт 0.03-0.1 гр (3-10 рад) тун цацраг үйлчлэхэд ургийн эд, эрхтэний хэвийн өсөлтөд (органогенез) өөрчлөлт орж, төрөх үед сөргөөр нөлөөлдөг. Ураг хөгжлийн энэ үедээ туяанд хэт мэдрэг байдаг учир төрөлхийн гажиг, бодисын солилцооны хямрал үүсэх магадлал өндөр.
Жирэмсэн үедээ рентген шинжилгээ хийлгэж байсан 142 эхээс судалгаа авсан жишээ байдаг. Төрсөн хүүхдүүдийн 37 нь жин багатай, 74 нь халдварт өвчинд хэт мэдрэг байсан бол найман эх зулбаж, төрөлхийн гажигтай дөрвөн хүүхэд төрсөн. Тэднээс зөвхөн 19 эх л эсэн мэнд амаржсан юм. Иймээс цацрагийн хордлогоос сэргийлэх гол сэжим нь хөл хүндтэй эмэгтэйг рентген шинжилгээ өгөхийг болиулж, журмыг өөрчилж, тодорхой хэмжээгээр хязгаарлах явдал юм. Ионжуулагч цацрагийн үүсгүүрээр оношилгоо, эмчилгээ явуулж буй рентген ба туяа эмчилгээний тасаг, кабинетуудад цацрагийн хамгаалалт, хуулийн аюулгүй байдлын биелэлт, аппарат хэрэгсэл, байрны хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй байна. Мөн радиологийн эмч, техникч нарын үүрэг хариуцлага болон Цацрагийн хяналтын албаны зүгээс тавих анхаарал, мэргэжлийн хяналт зэргээс ихээхэн хамаарна гэсэн юм.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Жирэмсний үед авахуулдаг рентген зураг хүмүүсийн ярьж байгаачлан тийм ч хортой биш. Үүнийг болиулах ямар ч боломжгүй” гэсэн юм. Тэгвэл ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул "Бид энэ зургийг авахдаа жирэмсэн ээжүүдэд хамгаалалтын хувцас өмсгөдөг. Тиймээс ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна. Жирэмсний үед сүрьеэгийн шинжилгээ заавал өгөх хэрэгтэй. Өвчтэй гэдгээ мэдэхгүй явсаар вирус эхээс урагт халдах замаар сүрьеэтэй хүүхдүүд төрж байна. Тэгэхээр эхчүүд заавал рентген зураг авахуулах шаардлагатай” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал NTV телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа
"Жирэмсний эхний үед бүх төрлийн шинжилгээ хийлгэх ёстой гэж олон улсын
стандартад заасан. Бид түүгээр л явж байна. Гэхдээ рентгенд
хавтгайруулан оруулахгүй байгаа” гэж ярьсан. "Рентген зураг жирэмсэн
эмэгтэйд хортой ч сайдын тушаал тул яах ч арга алга” гээд эмч нар
эхчүүдийг жирэмсний хяналт, элдэв урамшууллаар нь шалтаглаж, хорт
цацрагаар шарсаар байгааг юу гэж тайлбарлах вэ. Сүрьеэг рентгенээс өөр
олон аргаар оношилж болж буй XXI зуунд заавал цацрагаар хордуулах ямар
хэрэг байна аа. Жирийн нэгэн өрхийн эмч рентген зураг хортой гэдгийг нь
мэдэж байхад бүхэл бүтэн салбарын яамны сайд ийм юм ярьж суугаа нь ёсонд
хэр нийцэх юм бол. Та энэ шийдвэрээ эргэн харахгүй бол ирээдүйн үрс,
Монголын ард түмэн чинь хорт цацрагийн бай болж, өрөөл татуу, гажигтай
төрсөөр байгаа юм биш биз.
О.Бат-Ундрах