|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Энэ онд хилийн чанадад 33 монгол хүн амиа алджээ

Энэ онд хилийн чанадад 33 монгол хүн амиа алджээГадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр он гарсаар хилийн чанадад Монголын 33 иргэн, өнгөрөгч онд 86 иргэн амь насаа алдсан талаарх мэдээллийг болон гадаад хэргийн яамнаас хилийн чанадад суугаа Монгол иргэдээ хэрхэн хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар ярьсан юм. Өнгөрөгч 2014 онд хилийн чанадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдож, 19 оронд 165 иргэн ял эдэлсэн аж. Харин он гарснаар 33 иргэн нас барсан байна. Үүний 16 иргэн өвчнөөр, ослоор, золгүй байдлаар зургаа, бусдын гарт гурван иргэн амиа алдсан харамсалтай явдал болжээ. Гадны улс орон амьдарч буй 297 иргэн гэмт хэрэгт холбогдсоны ихэнхи нь хулгайн хэрэгт холбогдсон байна. Харин өнгөрсөн жилүүдэд харийн шоронгоос 122 иргэн суллагдсан буюу албадан буцаагджээ. Мөн Чех улсад ял эдэлж байсан нэг, БНСУ-д ял эдэлж байсан хоёр, Казакстан улсад ял эдэлж байсан хоёр иргэнийг шилжүүлэн авах ажлыг Гадаад хэргийн яамнаас холбогдох яам, газруудтай хамтран зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар гадаадын 13 оронд Монголын 103 иргэн ял эдэлж байгаа бөгөөд энэ онд багтаан БНХАУ-д ял эдэлж буй гурав, БНСУ-д ял эдэлж буй хоёр монгол иргэнийг ялтан шижлүүлэх хэлэлцээрийн дагуу эх оронд нь шилжүүлэн авчрахаар төлөвлөж байгаа аж. Мөн энэ үеэр Консулын газрын захирал Н.Батаа сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулт өгсөн юм.

 

-Хятад улсад хар тамхины хэргээр хичнээн Монгол хүн хоригдож байна вэ? Манай улс хар тамхины асуудалд хатуу хандана гэдэг гэтэл яагаад хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байгаа иргэдийг хамгаалаад байна вэ?

-Манай улсын 25 иргэн хар тамхины хэргээр хоригдож байгаа. Хамгийн анх манай улсын иргэн н.Дамдин 2.7 кг хар тамхи тээвэрлэж байгаад баригдсан. Энэ бол Хятадын хуулиар цаазаар авах ял төлөвлөдөг. Гэсэн ч анх удаа ийм хэрэг болж байгааг нь үндэслэн Хятадын талаас цаазаар авах ялыг бүх насаар нь хорих болгож өөрчилсөн юм. Бид хамгаалсан зүйл үгүй. Хятадад хоригдож байгаа н.Эрдэнэчимэгийн хувьд биеийн байдал нь тун муу байгаа. Цаашид ялаа үргэлжлүүлэн  эдэлнэ гэхэд хэцүүхэн болсон учраас Хятадын талаас эх оронд нь авчрахыг зөвшөөрсөн. Гэхдээ энд ирээд үргэлжлүүлэн ялаа эдэлнэ. Мэдээж эх орондоо байна гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Ядах нь ар гэрийнхэнтэйгээ уулзах боломжтой болно гэж үзэж хүмүүнлэг хандаж байгаа явдал шүү дээ. Түүнээс ялаас нь хэлтрүүлэх гэсэн явдал байхгүй.

 

-Хятадад эцэг эхдээ хаягдсан 16 хүүхэд байлаг гэлээ. Хараа хяналтгүй, бага насны хүүхдийг хилээр гаргасан тохиолдол бий юу?

-Энэ бол эцэг эхчүүдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс болсон хэд хэдэн ийм явдал болсон. Ээж нь архи уугаад нас барсны дараа хүүг нь Хятад иргэн авч 2 жил өсгөсөн байгаа юм.Хүү сургуульд орох насандаа хүрэхэд манай улсын иргэн учраас сургуульд сургах боломжгүй байсан тул өсгөж байсан хүн нь холбогдох газар мэдэгдсэнээр манай талаас хүүг авч монголд эмээг нь олж өгсөн. Иймэрхүү тохиолдол гарах нь бий. Аав, ээж нь архи уугаад хүүхдээ хаячихсан, төөрсөн гэх мэт асуудлууд гардаг. Одоогоор хараа хяналтгүй хүүхэд хил давж гарсан тохиолдол алга.

 

-Хятадад манай улсын иргэн амиа алдсан харамсалтай явдал хоёр ч удаа болсон. Мөн Малайзад манай улсын иргэн амиа алдсан явдал боллоо. Энэ асуудал юу болж байна вэ?

-Манай улсын иргэн П.Сүхбатын хувьд гадны нөлөө байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Гэр бүл нь камерын бичлэг зэргийг нь үзсэн байсан. Малайзад болсон хэргийн тухайд амиа алдсан бүсгүй 4 монгол бүсгүйтэй согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байгаа юм. Үүнээс болж амиа алдсан харамсалтай явдал болсон. Манай улсын иргэд өөрсдөө болчимгүй, болгоомжгүй байдлаасаа болж амиа алдах, хэрэгт холбогдох асуудал их байгааг энд сануулмаар байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага нь шалгаж байгаа.

Т.Болор /ULS.MN/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.