Албадан хөдөлмөр армийнхны үүрэг биш

1819

Б.ЗАЯА

".... Би ард түмнийхээ үн­дэсний эв нэгдэл, мон­гол цэргийн шил­дэг уламжлалаа эрхэм­лэн хүндэтгэж, цэргийн эр­дэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хад­галж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ бат­лан тангараглая”. Энэ бол монгол цэргийн тан­гараг. Цөвүүн цагт зэв­сэглэн босох эхний фрон­тынхон тэд учир цэрэгт мордсон жил хүрэхгүйн ху­гацаанд цэргийн эр­дэмд боловсрох нь юу юунаас илүү чухал. Харин сүүлийн жи­лүү­дэд тэд цэргийн эр­дэмд шамдах бус бү­тээн байгуулалтын сал­барт хүчин зүтгэж тан­гарагаасаа "няцах” болжээ. Мэдээж тэд дур зоргоороо ингэсэн хэрэг биш. Дарга, даамлуудынхаа тушаалаар энд тэнд аж ахуйн ажилд дайчлагдах болж. Хүний эрхийн байгууллагын судалгаагаар цэргийн ангиудад албадан хөдөлмөрийн асуудал байгааг тогтоожээ. Түүнээс хамгийн түгээмэл нь зам, барилга.

ЦЭРГҮҮД ИЛҮҮ ЦАГ АЖИЛЛАСНЫ ХӨЛС АВДАГГҮЙ

Барилга инженерийн чиглэлээр 2010 онд Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Баян-Өлгий аймагт 340, 2011 онд Сүхбаатар аймагт Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг байгуулсан ч бусад цэргийн ангийн алба хаагчид барилга дээр ажиллах нь элбэг.

Гэвч тэд ажилласныхаа хөлсийг бүрэн гүйцэд авч чаддаггүй нь Хүний эрхийн үндэсний комиссын шалгалтаар илэрсэн байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн удирдлагуудын зүгээс цэргийн шинжгүй хөдөлмөрт татан оролцуу­лахдаа гэрээ хэлцэл байгуулдаггүй. Түүнээс гадна ангиас гадуур хөдөлмөр эрхлүүлжээ. Ингээд зогсохгүй 340 дүгээр ангийн алба хаагчид цалин хөлсгүй ажиллах тохиолдол бас гарчээ. Тухайлбал, 2012 оны зургадугаар сард аймгийн нэгэн ком­пани­тай өдрийн 10 мян­ган төг­рөгийн хөлс­тэйгөөр хуга­цаат цэргийн 11 алба хаагчийг 20 хоног ажил­луулахаар гэрээ бай­гуулжээ. Гэвч 12 хоног ажиллуулаад 670 мянган төгрөгийн хөлс өгсөн байжээ.

Цэргүүдээс нь илүү цагийн хөдөлмөрийн хөлс авдаг талаар судалгаа явуулахад 90 орчим хувь нь "үгүй” гэж хариулсан байна. Түүнчлэн Баян­хон­гор аймаг дахь Зэв­сэгт хүчний 339 дүгээр ангийн хувьд ч ангиас га­дуур ажиллуулах, ца­лин хөлсийг нь өгдөггүй зөрчил илэрчээ. Дайчлаг­дан ажиллаж буй хуга­цаат цэргийн албан хааг­чид зөвхөн цалин хан­гам­жийн асуудлаар эрх нь зөрчигдөөд зогсохгүй эрүүл, мэнд амь насаараа хохирох тохиолдол ч бий.

Баримт дурьдвал, хоёр сарын өмнө Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн алба хаагч Б.Отгонзаяа, М.Баатаржав, Г.Эрхэмбаяр, Г.Амгалан нар нийслэлийн Хан-Уул дүүрэгт босч буй "Номин констракшн”-ийн барилга дээр ажиллаж байхдаа гадныханд зодуулж хүнд гэмтсэн. Түүнчлэн Дорноговь аймаг дахь Зэвсэгт хүч­ний 336 дугаар ангийн алба хаагч Ч барилга дээ­рээс унаж бэртсэн удаатай.

 

ЗАРИМ ХУУЛЬ, ТОГТООМЖИД АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

Зэвсэгт хүчний зарим анги, заставын удирдлагууд өөрийн амин хувийн ашгаа бодож хар бор ямар ч ажилд цэргүүдээ дайчил­даг нь нууц биш. Цэргийн эрдэмд шамдах ёстой залуус маань цэргийн ангиас гадуур, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй нөхцөлд цалин хөлсгүй, олон сараар ажиллаж байгаа нь албадан хөдөлмөрийн шинж юм. Дарга, удирдлагуудын тушаалаар албадан хөдөлмөр эрхлэх нэг хэсэг байхад нөгөө талд манай зэвсэгт хүчний хууль тогтоомжууд өөгшүүлдэг бололтой. Тухайлбал, 1999 онд батлагдсан "Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам” гэж бий. Уг журмын хоёрдугаар зүйлд "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжүүлж буй төрийн болон хувийн аж ахуйн байгууллагаас цэргийн зарим анги, байгууллагыг гэрээгээр ангийн байрлалаас гадна ажиллуулахыг цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах гэнэ” гэж заажээ. Цэргийн анги салбарууд ч энэ журмыг ашиглах нь олонтаа юм байна. Гэтэл манай улс Албадан хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенцид нэгдэн нэгдэн орж, соёрхон баталсан гишүүн орны хувьд албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээжээ. Мөн ижил хөдөлмөрт ижил цагийн хөлс авах, ялгаварлан гадуурхахгүй байх харилцааг зохицуулдаг Олон улсын найман концвенцид нэгдсэн орон юм. Тиймээс цэргийнхнийг албадан хөдөлмөр эрхлэх нөхцлийг хү­лээн зөвшөөрсөн хууль, тогтоомжийг өөрч­лөх, цуцлах шаард­лагатайг хүний эрхийг хамгаалагчид холбогдох албаныханд өгсөн юм байна. Ингээд бодохоор монголчууд бид хөдөлмөрийн харилцааг шударгаар зохицуулах үүргийг олон улсын өмнө хүлээчихсэн, дотоодын хууль, тогтоомжуудаараа ч Монгол Улсын нутаг дэвсгэрт хэнийг ч албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй, хөдөлмөр эрхэлж буй бол цалин хөлс, ажлын орчинд эрх тэгш байх эрхтэй хүмүүс. Гэтэл эдгээр хууль, журам нь хөрсөнд буух биш цаасан дээрээ  "хадаастай” байдгийн тод жишээг манай зэвсэгт хүчнийнхнээс эхлээд ингэж харуулах болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>