ШУТИС-ийн "Дэлхийн номын өдөр", "Азийн орнуудын техник технологийн номын үзэсгэлэн"-г Монголд анх удаа зохион байгуулна

486
ШУТИС-ийн "Дэлхийн номын өдөр", "Азийн орнуудын техник технологийн  номын үзэсгэлэн"-г Монголд анх удаа зохион байгуулна

ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн номын сангаас гадаад, дотоодын техник технологийн мэргэжлийн шинэ ном, хэвлэлийг танилцуулж, профессор, багш, оюутан, судлаачдад хүргэх е-ном, веб сайтын үйл ажиллагааг сурталчилах, хэвлэлийн газар болон уншигчдыг холбож өгөх зорилгоор 2010 оноос Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон аж. Тус арга хэмжээнд дотоод их дээд сургуулиудаас гадна олон улсын номын сан, хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн, худалдаа, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ хийх зэрэг үйл ажиллагаанууд явагддаж байна.

 

ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд энэ жил дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монголд анх удаа "Азийн орнуудын техник, технологийн номын үзэсгэлэнг” зохион байгуулж байна. 2015 оны 4 сарын 22-24 ны хооронд болох тус үзэсгэлэнд БНХАУ-ын "Хятадын боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн компани, ОХУ-ын "Горная книга”, "Издательство АСВ”, "Издательский ДОМ-МЭИ”, Бауманы техникийн их сургуулийн хэвлэлийн газар, БНСУ-ын Чанвоны үндэсний их сургуулийн номын сангаас ирсэн техник технологи, анагаах ухаан, танин мэдэхүй зэрэг шинжлэх ухааны бүх салбарын шинэ номууд тавигдана. Мөн Япон, Энэтхэг, Казакстаны элчин сайдын яамдууд, Америкийн Монгол судлалын төвийн төлөөлөгчид ном хандивлах үйл ажиллагаанд оролцоно.

Дэлхийн номын өдрөөр ШУТИС-ийн профессор, багш нарын болон хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн худалдаа, "Санка Маркетинг Монголиа” компанийн техник, технологийн танилцуулга, Эрхзүйч, сэтгэл судлаач доктор Б.Батсайхан, доктор М.Дэлгэржав нарын "Сэтгэл судлалын толь бичиг”номын нээлт, хэлэлцүүлэг, Номтой нөхөрлөе клубын тэргүүн Н.Хүлгэний уншигч, оюутнуудтай хийх чөлөөт ярилцлага, Гадаадын их дээд сургуулиудын профессоруудын лекц тус тус зохион явагдана. "Сод пресс”ХХК, "Непко”ХХК, "Сэлэнгэ пресс”ХХК, "Интер ном”, "Аз хур” номын дэлгүүрүүд бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалах ажээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.