Улаанбаатарт улсын мөнгөөр том жийп унахыг зогсоох нь зөвхөн тоон хэмнэлт төдий зүйл биш ёс зүйн асуудал юм

Улаанбаатарт улсын мөнгөөр том жийп унахыг зогсоох нь зөвхөн тоон хэмнэлт төдий зүйл биш ёс зүйн асуудал юм. Хувийн том компаниуд өдөр бүр том жийп унадаггүй шиг төрийн байгууллагын удирдлагууд ийм байдлаар хандах учиртай гэж Ерөнхий сайд хэллээ. Ингэхдээ том машинуудыг лацдаж хураагаад зогсоох, зарж борлуулах зорилго тавиагүй. Хэрэггүй газраас нь авч хэрэгтэй газарт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулъя. Бэрхийг туулахаар бүтээсэн машины ажил үүрэг, хэрэгцээ шаардлага хаана байна тэнд нь шилжүүлэх учиртай гэж гэлээ.

Засгийн газрын автобааз 400 машины гарааш барьсан. Тиймээс орон нутгийн үйлчилгээний автомашиныг тэнд төвлөрүүлж, төсөвт байгууллагуудын гараашийг дуудлагаар худалдаж, төсөвт орлого төвлөрүүлэхээр ажиллаж байна гэж ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго хэлж байлаа.
2015 онд төсөвт байгууллагууд нэг ч автомашин худалдаж авахгүй байх, ашиглалтын зардлаа хэмнэх замаар төсвийн ачааллыг бууруулах боломж байгааг харуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.