ХӨРӨНГӨЛӨГ ХЭСГЭЭ ҮЗЭН ЯДАХ СЭТГЭЛГЭЭ НИЙГЭМД БАЙНА

967

ХӨРӨНГӨЛӨГ ХЭСГЭЭ ҮЗЭН ЯДАХ СЭТГЭЛГЭЭ НИЙГЭМД БАЙНАӨнөөх тэгшитгэе, хураая, адилтгая гэсэн коммунизм руугаа эргээд шуурах боллоо. Ийм зүйлс байж огт болохгүй, том ухралт болно" гэсэн агуулгатай зүйлсийг ТВ-ээр ярив.

Энэ үнэхээр үнэн, хөрөнгөлөг хэсгээ үзэн ядах сэтгэлгээ нийгмийн тодорхой хэсэгт бодитой болсон. Гайгүй машин унаад явах, гайгүй байшинд аж төрөх нэгнийгээ муусайн луйварчидийн нэг л биз гэж харах нь бий. ГЭХДЭЭ яагаад ийм болов гэдгийг бас ярилцах хэрэгтэй шүү дээ. Учир шалтгааныг нь ухахгүйгээр энэ үзэгдлийг гайхан шогширч, далимд нь өнгөрсөн нийгмээ хавчуулаад муулаад байж болохгүй. Энэ нь зөрчлийг улам л дэвэргэнэ.

Хөрөнгөлөг хэсгээ үзэн ядах сэтгэлгээ нийгэмд бий болсон нь 2 үндсэн шалтгаантай гэж би харж байгаа. 

 

1. Нийгмийн тодорхой хэсгийн ядуурал. Алдах юмгүй болтлоо ядуурсан хэсэг массын багагүй хувь буюу 20-37 хувийг эзэлж байгаа. Ядуурлыг юу дагадаг вэ гэхээр цөхрөл, итгэлгүй байдал, бусдыг үзэн ядах, бусдаас бурууг хайх сэтгэлгээний гаж хандлага дагадаг. 

 

2. Өнөөгийн манай нийгмийн хөрөнгөлөг хэсгийн нэлээдгүй хувийг шударга бусаар хөрөнгөжсөн гэж үздэг. Авилга, хууль бус явдал, эрх мэдлээ ашиглах, луйвар гэх мэт... Нийгэм ч ихэнхдээ тэгэж ойлгож байгаа. Туйлдатлаа ядуурсан хэсэг бүү хэл дөнгөн данган дундаж түвшинд тогтож буй дундаж давхаргийн олонхийн дотор ч өөрсдийнхөө золгүй, хэцүү хувь тавилангийн бурууг тэдгээр хууль бусаар баяжигчид, луйварчид, авилгачид, ээлж халаагүй улс төрчидөөс болсон гэсэн ойлголт түгээмэл байна. Энэ нь тэднийг хөрөнгөлөг хэсгээ үзэн ядах сэтгэлгээ рүү чангааж байгаа. Дээр нь өнөөгийн улс орноо удирдан авч яваа намууд, улс төрчид бараг хуугаараа тэр хөрөнгөлөг хэсэгт харьяалагдаж байгаа нь ийм үзлийг улам бат бөх болгож байгаа. Мөн нийгэмд шударга ёсны хүлээлт асар их болсон...

 

Үнэхээр шударга хөдөлмөр, зүтгэл авьяас чадвараараа босоод ирсэн хүмүүс нь тэр хар замаар хөрөнгөжсөн хүмүүсийнхээ хавчуурганд давхар хэлмэгдээд явчихна.

Өөрөөр хэлбэл Монгол маань ангигүй нийгмээсээ ангит нийгэм рүү гулссан. Өнөөдрийн энэ үзэгдэл бол нэгэнт бий болчихсон эсрэг тэсрэг ангиудын хооронд нэгэнт бий болчихоод буй зөрчил хагарал юм. Хүн төрөлхтний түүхэнд гарсан томоохон донсолгоо, цус урсгасан өөрчлөлтүүд чухам ийм ангиудын хоорондох зөрчил хурцадсанаас болсон байдаг. Буруутан нь мэдээж хэрэг нийгмийн оройд заларч, нийгмээ ийм зөрчилтэй замаар хөтлөн дагуулж байгаа тэр ХӨРӨНГӨЛӨГ давхарга болдог. 

Тэгэхээр энэхүү ХӨРӨНГӨЛӨГ ХЭСГЭЭ ҮЗЭН ЯДАХ сэтгэлгээ дэлгэрсэнд тийм үзлийг тээж яваа нэн ядуу, ядуувтар дундажуудаа буруутгаж, хагарлыг улам дэвэргэх явдал огт байж боломгүй. Залхуу, арчаагүйгээсээ ядуурсан нь бий ч тэдний ихэнх нь хичнээн хичээж зүтгээд ч амьдрал ахуйгаа дээшлүүлэх нөхцөл боломж өнөөгийн манай нийгэмд бараг 00 хувьтай байгаа юм. 

 

Тиймээс өнгөрсөн жилүүдэд хүн амынхаа үлэмжхэн хэсгийг ийм ядуурлын ангал руу өршөөлгүй түлхэж орхисон туулж ирсэн зам мөрөө эргэж харж, алдаа оноогоо дэнсэлж үзэх хэрэгтэй юм. Мөн энэ хууль зөрчдөг, хуульгүй юм шиг аашилдаг, бүлэглэдэг, авилга, төрийн албыг ашиг болгодог, эд хөрөнгөөрөө уралддаг, баярхдаг, утга учиргүйгээр тансагладаг, өөр хоорондоо ширэнгийн мэт зэрлэгээр өрсөлддөг энэ явдлуудаа тэр дээр байгаа хэсэг буюу хөрөнгөлөг хэсэг дүгнэн харж, болгоомжилж татахгүй бол нэг л өдөр тэрхүү алдах юмгүй нүцгэрч буй пролетариуд хамтдаа дээр нь бүгдээрээ сууж буй модныхоо үндсийг цавчиж орхидог эмгэнэлтэй юм болох вий.


Б.Номинчимэд

https://www.facebook.com/NominchimedB/posts/925236444163393


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>