Ц.САНДУЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

349
Ц.САНДУЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭНийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа. Тэрбээр зангиагүйгээр илэн далангүй ярилцахаар хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчдэд талархлаа илэрхийлээд, анх удаа зангиагүй уулзалтанд оролцож байгаагаа хэлсэн юм. Уулзалтын эхэнд Ц.Сандуй дарга энэ сарын 27-нд тохиох нийслэлийн МАН-ын байгууллагын 90 жилийн ойн өдөр, ойгоо угтаж өрнүүлж байгаа ажлынхаа талаар онцлон ярьж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулахаа илэрхийллээ.

Намын рейтинг өссөөр байна

Ц.Сандуй дарга 2012 оны сонгуульд МАН ялагдсаны дараахан 2012 оны 08 дугаар сарын 15-нд Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлыг хүлээж авчээ. Ажлаа хүлээж авах үед намын рейтинг 25 хувьтай байсан байна. Удалгүй дүүргүүдийн сонгууль болж, дөрвөн дүүрэгт ялалт, дөрвөн дүүрэгт уналт, нэг дүүрэгт ойролцоо санал авч, рейтинг нь 36.6 хувь болж өсчээ.Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд 40 гаруй хувь, СХД-ийн нөхөн сонгуульд Д.Сумьяабазар 54.1 хувиар ялалт байгуулсан. Харин хамгийн сүүлийн судалгаагаар МАН-ын рейтинг АН-аас 2-3 хувиар илүү гарсан мэдээлэл байгаа.

Жирийн гишүүд, дэмжигчид МАХН-тай хамтрахыг санал болгодог

Нэг намын угшилтай байсан 2 нам эргээд нийлэх үү, сонгуульд хамтарч оролцох уу гэсэн яриа байнга явж байдаг. Энэ талаар намын удирдлагын түвшинд яригдаагүй. Харин намын гишүүд дэмжигчдээс тийм санал тавьж, асууж байдаг. Хотын хөгжлийн талаар иргэдийнхээ саналыг авч байгаа энэ өдрүүдэд ч 2 нам нэгдэх үү, нийлэх үү гэсэн санал асуулт ирж байна.

90 жилийн ойгоо иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар тэмдэглэж байна

Манай нам хамгийн олон гишүүн дэмжигчидтэйгээ нам. Тэр утгаараа бидэнд 90 жилийн ойгоо утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх сэтгэл, чадал байна.

Төрөлх хотоо төгс хот болгоно

Нийслэлийн МАН-ын хорооны түүхийн 90 жил, хотын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой хөгжиж ирсэн.Хотын хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулалтаар иргэд, гишүүд, дэмжигчид маань үргэлж бахархдагаа илэрхийлсээр байдаг. Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах эрдэмтэн судлаачид ажилдаа орсон байгаа. Бид төрөлх хотоо төгс хот болгохоор ажиллана.

Нийслэлийн МАН-ын хороо 50 гаруй мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн улс төрийн ууган хүчин МАН-ын хамгийн том байгууллага.Тус байгууллагынхан ойгоо иргэдтэйгээ тэмдэглэж байна. Түүхэн замналын 90 жил, төгс хөгжлийн ирээдүйн он цагийг холбосон өдрүүд үргэлжилж байна. Их ойгоо угтан "Хотын хөгжилд иргэн таны санал” 26 хоногийн аяныг өрнүүлж, иргэдийнхээ санал санаачилгыг ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөр, хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах ажээ. Нийслэлийн иргэд маань өөрсдийн өмнө тулгамдаж байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэл, шинээр батлагдсан хууль, эрүүл аюулгүй амьдрах орчин зэрэг асуудлаар өөрсдийн саналаа бичсээр байна. Өнөөдрийн байдлаар 3500 гаруй иргэн саналаа илэрхийлээд байгаа аж.Түүнчлэн Тусгаар тогтнолын ордон бүтэн сарын турш хөл хөдөлгөөн ихтэй байна. Хүүхэд, хөгшид, оюутан залуус руу чиглэсэн нийгмийн сайн сайхны тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дүүргүүд намын анхан шатны байгууллагаа танилцуулах өдөрлөг, иргэдийн урлаг уран сайхан, спортын уралдаан тэмцээн тасралтгүй үргэлжилсээр байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.