С.Чинзориг: Тангараг өргөсөн албан хаагчдыг халж сольсон асуудал байхгүй
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийж МАН-аас томилогдсон сайдууд төрийн албан хаагчдыг хоморголон халж байна хэмээн мэдэгдэхдээ "Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг яамныхаа удирдах бүрэлдэхүүнийг 100 хувь, мөн аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг халсан учраас Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс олон хүнийг хоморголон халсан Хөдөлмөрийн сайдын тушаалыг хүчингүй болгож, халагдсан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхийг шаардаж байна” гэсэн юм. Түүний энэ мэдэгдлийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг байр сууриа ийн илэрхийллээ.
-Юуны өмнө би Л.Эрхэмбаяр даргын хэлсэн шиг ажлаа хийгээд явж байсан
төрийн албан хаагчийг хууль бусаар халсан асуудал байхгүй гэдгийг албан
ёсоор мэдэгдэж байна. Намайг сайдаар томилогдоод ирэхэд манай
Хөдөлмөрийн яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрынхан буюу
нийслэл, аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар бүгд түр орлон
гүйцэтгэгчээр томилогдсон тушаалтай байсан. Яагаад Шинэчлэлийн Засгийн
газар хоёр жил хагасын хугацаанд үйл ажиллагаа явуулчихаад бүхэл бүтэн
яамны удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар нь түр орлон гүйцэтгэгч
тушаалтай явсныг судлаад үзэхээр өмнөх сайд, Төрийн нарийн бичгийн
дарга нарын хоорондын зөрчлөөс болсон юм билээ. Энэ нь өнөөдөр фракцгүй
нам болсноо зарлаад байгаа АН-ын дотоод зөрчлөөс үүдэлтэйгээр төрийн
яам, харьяа газрынх нь удирдлагууд түр орлон гүйцэтгэгч тушаалтай явж
ирсэн гэсэн үг.
Хөдөлмөрийн хэлтсийн даргыг Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу
сонгон шалгаруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр
зүйлийн 29.3-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх
эрхтэй.
Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг 2013 оны нэгдүгээр сарын
22-ноос өдийг хүртэл сонгон шалгаруулж томилоогүйгээс "түр орлон
гүйцэтгэгч” гэсэн статустай ажиллуулж байсан нь Төрийн албаны тухай
хууль тогтоомж зөрчсөн үйлдэл.
Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Төрийн
байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай
тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан
хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж, мөн хуулийн
21.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан
үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж тус
заасан байдаг. Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор "Төрийн
жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг
баталсан.
Гэтэл уг журамд Засгийн газрын 2012 оны 26 дугаар тогтоолоор төрийн
жинхэнэ албан хаагчийн албан үүргийг тухайн байгууллага дотроос буюу
төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх боломжгүй гэж
үзсэн тохиолдолд гаднаас тодорхой шаардлага хангасан иргэнийг томилон
албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болохоор нэмэлт, өөрчлөлт оруулсан
байна. Ингэснээр Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж,албан тушаалтан
дурын этгээдийг тодорхой хугацаагүйгээр "түр орлон гүйцэтгэгч” гэсэн
нэрээр төрийн албанд томилох үндсийг бий болгосон.
Журамд орсон энэхүү нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн аймаг, дүүргийн
Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг анх
томилсон байдаг. Дээрх журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан Засгийн газрын
тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргаан Үндсэн хуулийн цэц
дээр үүссэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 оны дөрөвдүгээр
сарын 13-нд 145 дугаар тогтоол гаргаад хүчингүй болгосон. Нэгэнт анх
томилохдоо үндэслэл болгосон шийдвэр нь хүчингүй болсон тул томилгоо ч
автоматаар хүчингүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүчин
төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд авч үзвэл Хөдөлмөрийн хэлтсийн
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилсон тушаал нь Төрийн албаны
тухай хууль тогтоомж, бусад холбогдох эрх зүйн актыг зөрчсөн нь
тодорхой байгаа. Иймээс уг зөрчлийг арилгаж хууль тогтоомжид нийцүүлэх,
иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш
боломжтой байх зарчмыг хангах, Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх үүднээс
түр орлон гүйцэтгэгч нарыг хуулийн хүрээнд чөлөөлсөн.
Түүнээс биш АН-ын дарга нарын хэлээд буй шиг улс төрийн томилгоо
хийгээгүй бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийн даргыг хуулийн дагуу сонгон
шалгаруулалт явуулан томилох хүртэл төрийн байгууллагын тасралтгүй,
хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 21
дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 62 дугаар
тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр
орлон гүйцэтгэх журам”-ын 4.2.1, 4.2.2-т заасны дагуу тухайн
Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаа албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн
ойр хамааралтай төрийн жинхэнэ албан хаагч буюу ахлах мэргэжилтэн,
мэргэжилтнээр хэлтсийн даргын албан үүргийг үндсэн ажлынх нь зэрэгцээ
түр орлон гүйцэтгүүлж байгаа.
Хэрэв энэ шийдвэрийг улстөржсөн гэж үзэж байгаа бол надад хэлэх тайлбар
байна. Өөрөөр хэлбэл, би сайдаар томилогдож ирэнгүүтээ энэ шийдвэрийг
гаргаж болох байсан. Гэвч хууль дээдлэх, хууль биелүүлэх үүргийнхээ
дагуу манай яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдож, Төрийн албаны
салбар зөвлөл хуулийн дагуу үүргээ гүйцэтгэх чадамжтай болсон хойно энэ
шийдвэрийг гаргах нь зөв гэж үзсэн юм. Та бүхэн мэдэж байгаа, өнгөрсөн
хоёрдугаар сард Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулж, хэд
хэдэн яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоныг. Үүний дараа
Төрийн албаны зөвлөлөөс манай яамны Төрийн албаны салбар зөвлөлийг албан
ёсоор байгуулсан. Нэг үгээр салбар зөвлөл ажиллах эрх зүйн чадамжтай
болсон гэсэн үг. Тиймээс би Төрийн албаны салбар зөвлөлдөө түр орлон
гүйцэтгэгчдийн асуудлыг хуульд нийцүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу
Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд
тавигдах нөхцөл шалгуурыг баталж, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын
сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. Сонгон шалгаруулалтын дүнг
үндэслээд томилгоог хийх эрх нь сайдад Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиар
олгогдсон байдаг юм. Түүнээс биш төрийн захиргааны шалгалт өгч,
тангараг өргөсөн албан хаагчдыг халж сольсон асуудал байхгүй гэдгийг
дахин хэлье.