“Эвлэрлийн гэрээ”-ний талаар Засгийн газар албан ёсоор тайлбар хийх хэрэгтэй

939

Хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн Тавантолгойн асуудлыг тойрсон хэрүүл эхэлсэн. Тавантолгойг элдэвийн маргаан олон нийтийг төөрөгдөлд оруулж гүйцлээ.

 

Мега төслүүдийг урагшуулна гэсэн туйлын зорилготой М.Энхсайхан сайд хэдэн сарын турш оролцогч талуудтай хэлэлцээр хийж томоохон ордыг ашиглахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх алдаатай гэрээ боллоо хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлж, "өрсөлдөгчөө” сүүлийн үед мода болоод буй халз мэтгэлцээнд дуудсан. Харин түүнийг М.Энхсайхан сайд "Улс төрд загвар үзүүлэхээ боль” хэмээн хатуухан шүүмжилсэн.

 

Эдийн засгийн хямралыг амжилттай давахын тулд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн хэмээх Засгийн газрыг байгуулсан. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэр даруйдаа Оюутолгой болон Тавантолгой гэсэн томоохон төслүүдийг эргэлтэд оруулна гэдгээ хэлсэн юм. Энэ үеэс л хүмүүст янз бүрийн хардлага гарч эхэлсэн.

 

Тэгвэл Тавантолгойн учрыг олж амжаагүй байхад Оюутолгойн тухай яриа дахин нэг маргааныг эхлүүллээ. Учир нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Оюутолгойн асуудлыг ярилцсан гэнэ. Тодруулбал, Оюутолгой компани Монголын татварын албаны дундах 30 сая долларын маргааны хүчингүйд тооцохоор тохирсон гэнэ. Анх уг маргаан 130 сая доллар төлөх ёстой гэж гарч байсан бөгөөд татварын маргаан шийдвэрлэх алба хэлэлцээд 30 сая доллар болгосон. Мөн хөрөнгө оруулагчид Оюутолгойн ил уурхайн анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум доллараар хэтрүүлсэн, үүнийгээ тайлбарлах ёстой гэдэг зүйлийг ярьдаг. Эдгээрийн буюу анхны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гэх нийтдээ 3.4 тэрбум долларын асуудлыг ч мөн хүчингүй болгож "Эвлэрлийн гэрээ”-нд гарын үсэг зуруулахаар эрмэлзэж байгаа аж.

 

Энэ бол өнгөрсөн жилүүдэд "Рио Тинто” болон манай талуудын маргаж ирсэн мөнгөн дүнгийн асуудлууд юм. Хэрвээ үнэхээр "Эвлэрлийн гэрээ” гэгч зүйл байгуулагдвал муу хийгдсэн гэж чичлүүлж ирсэн С.Баярцогтын байгуулсан гэрээнээс ч тааруу үр дүн амсах болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн нар "Эвлэрлийн гэрээ”-г хүчтэй эсэргүүцсэн аж. Г.Тэмүүлэн үүнээс болж ТУЗ-ын гишүүнээсээ хүртэл татгалзсан байна.

 

Мөн "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш ирж Ерөнхий сайдтай дээр яригдаад буй "Эвлэрлийн гэрээ”-ний талаар ярилцсан гэх мэдээлэл ч явагдаж байгаа. "Рио Тинто”-гийн захирал  Сэм Уолшийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр "Монгол  улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж,  эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж Монгол улсын ард иргэд Оюутолгойн төслийг үргэлжүүлээсэй гэж хүсч буйг илтгэх олон зүйл бий. Өнгөрсөн цаг хугацаа бид төслийг ямар хурдан бүтээж чадах байсныг харуулж байна. Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа. Бид тэвчээртэй хүлээх болно” хэмээн ярьсан удаатай.

 

Түүний ярилцлагад дүгнэлт хийж үзвэл манай улсын Засгийн газрыг хэзээ огцрох ёстойг эртнээс мэдэж байсан. Мөн шинэ засаг гарч ирсэн даруйд гацаанд орсон Оюутолгойг эргүүлэн хөдөлгөнө гэсэн хүлээлттэй байгаагаа аль эрт Засгийн газар огцрохоос өмнө төлөвлөж байжээ. Тиймээс "Эвлэрлийн гэрээ” гэгчийг "Рио”-той байгуулах болов уу гэж таамаглаж байна.

 

Эцэст нь Засгийн газраас үнэхээр тийм гэрээний асуудал яригдаж байгаа юу, үгүй юу гэдгээ албан ёсоор иргэдэд мэдэгдэх ёстой.

Оюутолгойн бол биднийг хэдэн арван жилээр элбэг хангалуун байлгах нөөцтэй том орд. Гадныхан хэзээд өөрийн эрх ашгийг бодсон шийдвэр гаргуулахыг хичээх нь ойлгомжтой шүү дээ. Үнэгүй олддог бяслаг гэж хаана ч үгүй.

 

 

Г.Бат /Uls.mn/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>