|
Видео

Шинэ мэдээ

Н.Алтанхуягийн Засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө 50 хувийг ч биелүүлээгүй дүн гарав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн. Энэ үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь 2014 оны эцсийн байдлаар 46.2 хувьтай гарсан болохыг мэдэгдлээ. Засгийн газар ард түмэн олон нийтэд амласан амлалтдынхаа 50 хувьд ч хүрээгүй байна. Н.Алтанхуяг Засгийн газрыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд толгойлсон. Харин энэ хугацаанд тодорхой мөрийн хөтөлбөрүүдийг дэвшүүлэн ажилласан ч, хэрэгжилт нь хангалтгүй байна. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж буй энэ цаг үед Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, сайд нар нь ч өөрчлөгдсөн. Тэд мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг хагас дутуу хийчихээд яваад өгч.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг авч үзэхэд "Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр-51.5, "Эрүүл Монгол хүн”-42.4, "Эрдэм боловсролтой монгол хүн”-48.3, "Аюулгүй орчинтой монгол хүн”-39.6, "Эрх чөлөөтэй монгол хүн”-47 хувийн биелэлттэй гарчээ. Харин бусад үндсэн зорилтын талаарх бодлогын хэрэгжилтийн тухайд 34-48 хувьтай гарсан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 300 гаруй зүйл заалт, том зорилт тавьснаас 200-гаад нь 50 хувь хүрэхтэй үгүйтэй явж байгааг шүүмжилж байцгаалаа.

 

Засгийн газар өнгөрсөн жилүүдэд ажиллахдаа эрх зүйн орчныг сайжруулах, мөн үнийг тогтворжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Гэвч Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байх тэр үед эдийн засгийн нөхцөл байдал аажмаар хүнд байдалд орсон. Одоо энэ засагт хэн ч Ерөнхий сайдаар томилогдоод ч эдийн засгийн нөхцөлийг сэргээн сайжруулах хүнд болоод байгаа юм.

Харин Засгийн газар өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг явуулж, энэ нь 50 хувийн ч үр дүнг авчраагүй байна. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлж байв. Тэр Засгийн газар сайн ажилласан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд чардайж ажилласан гэдгийг тодотгосон. Мөн тэрбээр энэ засгийг шүүмжлэв. Тэгэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засаг, эдийн засаг гэж ярьж байна. Гэтэл одоо бол хүмүүсийн амьжиргаа, хүнийхээ тухай ярихыг орхигдуулж байна гэсэн юм. Тэр энэ үгээрээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж байна. Тэд эрх барих ажилласан. Үр дүн хангалтгүй гарч. Харин үүнд хэн хохирох вэ. Ард түмэн амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хүсэж байгаа, мөн шаардах ч болно. Түүнээс биш "Би хангалттай сайн ажилласан л гэж бодож байна. Одоо энэ хэд муу ажиллаж байна” гээд ярьж сууж хэрхэвч болохгүй мэт.

Ц.Цацрал    
 
zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.