1000 ахмадын чуулга уулзалт болов

1027

1000 ахмадын чуулга уулзалт болов "Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон үе үеийн ахмадуудаа урьж оролцуулсан анхны томоохон чуулга уулзалтыг энэ сарын        10-ны өдөр зохион байгуулав. Чуулганы үйл ажиллагааг нээж үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлсэн үгэндээ "Монгол улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан үйлдвэрийн хамт олны хөдөлмөрийг Монголын төр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ. Энэ бүгдийн эзэд нь ахмадууд та бүхэн билээ.Үйлдвэрийн түүхийн 36 жилийн  хугацаанд хөдөлмөрийн баатар тав, 30 гаруй гавьяат төрсөн. Сүүлийн 13 жилд "Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарсан гээд олон амжилт, бахархалыг дурьдаж болно. Хийж бүтээсэн зүйл гэдэг агуу” гээд үйлдвэрийн цаашдын хөгжлийн төлөө ахмадуудтайгаа санаа зорилго нэг байж, тэдний мэдлэг, туршлага, санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Дараа нь Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай, үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлаар танилцуулга хийж, ахмадуудаас ирсэн саналыг сонсч, тэдний асуултанд хариулт өгөв. 

"Эрдэнэт” үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан 1504 ахмад байна. Тус үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл эдгээр анхдагчиддаа хандсан олон талт үйл ажиллагааг жилийн турш зохион байгуулж, үйлдвэрийн зүгээс хөрөнгө төсөвлөн дэмжлэг үзүүлдэг. "Эрдэнэт” үйлдвэрийн 1000 ахмадын чуулга уулзалтын үеэр тэдний өмнө тулгамдаж буй таван асуудлыг компанийн удирдлагуудад уламжилсан бөгөөд цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрийн холбогдох хэлтсүүдэд үүрэг өгч, Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтарч ажиллахаар боллоо.

 

Н.Гантөгс

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>