УИХ-ЫН ДЭД ДАРГА М.ЭНХБОЛД ХАТАГТАЙ МАРГАРЕТА ВОЛСТРОМЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

894

УИХ-ЫН ДЭД ДАРГА М.ЭНХБОЛД ХАТАГТАЙ МАРГАРЕТА ВОЛСТРОМЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛААНҮБ-ын Ерөнхий наргийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч, хатагтай Маргарета Волстромыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Өмнө нь ажил үүргийнхээ дагуу 10 гаруй жилийн турш гамшигтай нүүр тулж ажиллаж байсан М.Энхболд дарга НҮБ-аас гамшгийн асуудалд анхааралтай хандаж, улс орнуудтай санал солилцон байнга зөвлөж, сургаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн.

Тэрээр "Монголчууд авран хамгаалах үйл ажиллагаанд хурдан сурч, дадлагаждаг” гээд монголчууд 2010 оны зудтай хэрхэн тэмцсэн тухай болон Японы цунамигийн үеэр манай улсын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг үүргээ бүрэн биелүүлж ажилласан талаар дурсав. Хатагтай Маргарета Волстром "Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын Шадар сайдаар ажиллаж байсан хүний хувьд та гамшгийн эрсдлийг бууруулах талаар ямар бодлогын баримт бичиг батлан гаргах ёстой, чухам юу хэрэгтэй байгааг сайн мэддэг гэдэгт би эргэлзэхгүй байна. Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр санал солилцох, туршлага судлах зэрэг нь дэлхий нийтийн хэмжээнд байх ч үр дүн нь улс орон бүрт, тухайлсан орон нутагт гарч байдаг” гээд гамшгийн асуудал нь бие даасан асуудал бус тухайн улс орны хөгжлийн бодлогын нэгээхэн чухал хэсэг нь байх учиртайг дурдлаа.

Мөн тэрээр УИХ-ын дэд даргад НҮБ-ын дэргэдэх гал сөнөөгчдийн сайн дурын хөдөлгөөнийхөнтэй Монголын гал сөнөөгчдийг холбож өгч сургалт авах, ур чадвараа дээшлүүлэх зэрэгт тусалж болно гэдгээ илэрхийлэв. Уулзалтанд Маргарета Волстромтой хамт НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах Ази номхон далайн бүс нутгийн салбарын дарга хатагтай Фемин оролцжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>